Бүтээлүүд

Жижигхэн хүмүүсийн том ертөнцөөр

Аз жаргалтай аав, ээж - Аз жаргалтай хүүхэд 0-1 нас Энэхүү номонд 0-1 настай хүүхдийн сэтгэл зүйн онцлог, хөгжлийн зүй тогтол, тэдэнтэй хэрхэн үр дүнтэй харилцахтай холбоотой агуулгуудыг багтаасан бөгөөд хосууд, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт зориулагдсан болно. Энэ ном нь юуны өмнө саяхан “ажлын гараагаа” эхэлсэн шинэхэн аав ээжүүдэд зориулагдсан бөгөөд эцэг эхийн үрээ хайрлах хайрын тухай шинжлэх ухааны бүтээл болжээ. Эцэг эхчүүд та бүхэн тус номыг уншихдаа хүүхэддээ ямар их хайртай болохыгоо, мөн хүүхэд эцэг эхээ хэрхэн хайрлаж байдгийг танин мэдэх болно. Хүүхдийнхээ сэтгэл зүйн онцлогийг танин мэдэж, ойлгох нь өөрөө аяндаа бий болчихдог зүйл биш харин тодорхой мэдлэг, мэдрэмж, багагүй эв дүй шаарддаг. Харин эрхэм уншигч та чухамдаа эдгээр зүйлсэд суралцахад энэхүү ном туслах нь дамжиггүй. Эцэг эхчүүд хүүхдээ зөнгөөр нь өсгөх бус харин судалж, уншиж, шинжлэх ухааны үндэслэл, судалгааны үр дүнд суурилсан арга барилаар өсгөх, хүмүүжүүлэхийг эрмэлзэж байгаа өнөө цагт тус ном нь ёстой л “загтнасан газарт маажих” адил хэрэгцээтэй зүйл болж буй мэт санагдана. Ингээд аав ээжүүд, түүнчлэн 0-1 насны хүүхдийн ертөнцийг гүн гүнзгийгээр танин мэдэхийг зорьж буй хүн бүрт нэгэн шинэ хаалга нээгдэж байна.

Сайн эцэг эх байх тийм ч хэцүү биш

Аз жаргалтай аав, ээж - Аз жаргалтай хүүхэд 0-1 нас Энэхүү номонд 0-1 настай хүүхэдтэй хэрхэн үр дүнтэй харилцах, тулгарч болзошгүй нийтлэг бэрхшээлүүдийг хэрхэн шийдвэрлэхтэй холбоотой агуулгыг багтаасан бөгөөд хосууд, эцэг эхчүүд, асран хамгаалагч нарт зориулагдсан болно.Та бүхний сонорыг мялаах энэхүү ном нь эмэгтэй хүн ээж болох, харин эрэгтэй хүн аав болох эхэн үеийн сэтгэл зүйн бодит байдлыг тов тодорхой дүрслэн харуулсан нь олон эцэг эхчүүдийн хувьд яг л сэтгэл судлаачтай өөрийнхөө амьдралын түүхийг хуваалцаж байгаа мэт санагдаж ч мэдэх юм. Мөн энэхүү бүтээлийн бас нэгэн онцлог бол аав хүн, эрэгтэй сэтгэл судлаачийн байр сууринаас эцэг эх үр хүүхэд хоорондын ээдрээтэй харилцааг тольдон харж, практик зөвлөмжүүдийг нэгтгэн дүгнэсэн явдал юм. Энхрий үрээ өлгийдөн авсан эцэг эхчүүдийн өдөр тутамд тулгардаг олон олон асуултуудын хариуг та эндээс олж авах болно.