Бүтээлүүд

Монголын нууц товчоо

Нууц товчоо бол XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсон явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын дотор болсон явдлыг дэлгэрэнгүй гаргах бөгөөд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай төдий л дэлгэрэнгүй гарахгүй. Гэвч Монголын цэрэг баруун зүг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын түүх нөхөж өгнө. Рашид Эддин, энэ түүхийг XIV зууны үед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хүнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мөн Монгол, Хятадын холбогдолтой түүхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын түүхч нар их л дэлгэрэнгүйгээр бичсэн тул нөхөгдөж ирнэ. Юань улсын мөхсөний дараа Хятадын Мин улсын үед Монголын түүх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба өөр ч олон зүйлийн Монголын түүхийн бичиг хятад хэл дээр бий.