Бүтээлүүд

Хэлхээгүй сувд (дуусаагүй тууж), өгүүллэгүүд

НОЖО хэвлэлийн газар нь, дэлхийн уран зохиолын яндашгүй далайгаас монгол болоод гадаадын шилмэл бүтээлийн сувдсаас түүж, их зохиолчийнхоо дуусаагүй туужаар (Хэлхээгүй сувд) нэрлэн, цувралаар гаргах гэж буйгаа уншигч олондоо дуулгахдаа таатай байна. Сувд нь зовлонгоос үүддэгийг уншигч та мэдэх үү? Хясааны дотор элсний ширхгүүд орж гэмтээсний үр дагавраар “сувд” бий болдог гэнэ. (Гэмтээгүй хясаанаас сувд гарахгүй гэсэн үг.) Нялцгай биетний дотор “накар” хэмээх хэсэг бодис агуулагддаг агаад хясааны хавхлагийн дотор санамсаргүйгээр элс ороход өөрийгөө хамгаалахын тулд хэдэн мянган накар ялгаруулан элсийг бүрхдэг байна. Үүний үр дүнд “үзэсгэлэнтэй сувд” бий болдог ажээ. Аугаа бүтээл зүгээр суусаар бичигддэггүйн олон түүхийг бид мэдэх билээ. Ингээд уншигч таныхаа өмнө “Хэлхээгүй сувд” цувралын тэргүүн дэвтэр болох Дашдоржийн Нацагдоржийн “Хэлхээгүй сувд” нэртэй дуусаагүй тууж болон бусад өгүүллэгүүдийг “Байх үгүй нэгийг эрэг гэж, ижил үгүй нэгийг бодог гэж” өргөн барив. Бүтээлийг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "MBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

Өнчин цагаан ботго

Сайн уу? Найзууд аа. “Ножо” хэвлэлийн газраас өмнө нь Японы нэн шинэ үеийн зохиолч, зураач Ёшитакэ Шинсүкэгийн “Гомдолтой байна”, Английн хүүхдийн нэрт зохиолч, хүүхдийн зохиолын “хатан хаан” гэгддэг Эдит Несбитын “Өртөөний хүүхдүүд” зэрэг номуудыг хэвлүүлсэн бол энэ удаад монгол зохиолчийн бүтээлээр мэндчилж байна. Зохиолч Дашийн Оюунчимэгийн эрхлэн гаргасан дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын “Эрдэнэсийн сан” цувралыг та нар минь уншсан байх. Х.Андерсен, О.Уайльд, Р.Киплинг, Х.Пайл, В.Хауф гээд гайхалтай олон зохиолчдын амтат сайхан үлгэрүүд тэнд байдаг шүү дээ. Тэгвэл энэ удаа зохиолч маань өөрийн бичсэн “Өнчин цагаан ботго” үлгэрээрээ бэлэг барьж буйг манай хэвлэлийн газар дамжуулан хүргэж байгаа юм. Хүү, ботго хоёрын чин сэтгэлийн, ер бусын нандин нөхөрлөлийн тухай энд өгүүлнэ. “Цорын ганц найзаа тоолгүй хаяад явбал зуун найзтай болсон ч хөгжилдөн тоглож чадахгүй” гэж зохиолын гол баатар Бүүвэй хүү хэлдэг. Та нар ч мөн үүнтэй санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Инээд хөөр, хөнгөн гуниг, ухаарал, эргэцүүлэл цалгисан уншигчийн цэлгэр уудам өргөө рүү та бүхнийг олон сайхан монгол зохиолоор хөтлөн оруулахын тулд цаашид бид улам их хичээх болно. Бүтээлийг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "MBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

Аянгат цагийн тууж

Дуун өгүүлэгч: МУАЖ Г.Равдан Алс баруун Алтай (1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум)-д хүй нь цөглөж хөлд орсон малчин гаралтай хүү өнөөдөр дэлхийн энтэй зохиолч болжээ. Цөөхөн монголчууд, тэр дундаа үндэстний цөөнх Тува гаралтай энэ хүнийг Чинагийн Галсан гэдэг. Түүнийг төрөхийн өмнө эжий нь ихэр хүүхэд тээж байжээ. Бусдын буруугаас болж ихэр хүүхэд эндсэн нь юутай харуусалтай... Ихэр хүүхдийн “долоон хоног”-ийг хийхэд хожмын багш нь болох Пүрбү “Бүү харуус, энэ хоёр хүүхэд чинь удахгүй ирнэ, ирэхдээ нэг хүн болоод эргээд ирнэ, харин тэр цагт хүнд бүү хэл, нэр өгөлгүй нуучих” гэжээ. Хүүг хэлсэн ёсоор хүнд харуулалгүй нууж “Хөдсөн маамуу” хэмээн өхөөрдөн дууддаг байж. Хүү долоон нас хүрч сурагч болохдоо эмээгийнхээ хэлснээр Галдан нэртэй болох байв. Багшдаа хэлэхдээ сандарч мэгдэн мартахдаа сургуулийн галч Галсангийн нэрийг хэлснээр хүү Галсан нэртэй болсон түүх ийм... Галсан хүү сургуульдаа нэртэй сурагч байв. Монголын Лермонтов болно гэсэн дэврүүн мөрөөдөлдөө хөтлөгдөн шүлэг бичиж эхэлжээ. Улмаар унасан газар угаасан уснаасаа аяны дөрөө жийж, Улаанбаатар хотод ирж, МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хумболдтын их сургуулийг дүүргэжээ. Анхны зохиол нь “Тува туужууд” нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн нь одоо таны унших гэж буй “Аянгат цагийн тууж” юм. Зохиол бүтээлээ улс орондоо гаргах гэтэл уран зохиолыг хавчиж боомилдог байсан тэр цагт эх нэрээр хэвлэхийг зөвшөөрөөгүй аж. Тэр ч бүү хэл “Эсэргүү зохиол, эх орноосоо урвасан тууж” гэх мэтээр цуурхал газар авчихсан үе байж л дээ. Герман хэл мэддэг хүнээр уг туужийг хянуулахад асуудалтай үгс гээд 213 үг жагсаачихсан байсан гэдэг. Ингээд монголоор бичээд хол явахгүйгээ мэдсэн зохиолч герман хэлийг түшиглэхээр шийдсэнээр өдгөө 40 гаруй ном бичиж, Олон улсын хэмжээний нэр хүндтэй олон шагналын эзэн болсон юм. Эдгээрийн нэг нь герман хэлээр зохиолоо бичиж, Дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчдод олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10 дахь, Ази тивийн анхны зохиолч болжээ. Зохиол бүтээлээ бичихийн сацуу өөрийн хөрөнгөөр эх орондоо нэг сая мод тарьж, ургуулаад одоо хоёр сая дахь модоо тарихаар ажиллаж буйг харах хэчнээн бахдам... Эх оронд минь ийм л эзэн хэрэгтэй байгаа юм даа. Хойч үе бид үлгэр авууштай. Зохиол бүтээлийг нь хэвлэж, энэ их үйлсэд нь нэмэр болно хэмээн бодохуйяа сэтгэлд өег байна. Иймийн учир Чинагийн Галсан ахынхаа бүтээлүүдийг монгол хэлээр гаргах эрхийг, хичээнгүйлэн хэвлэх үүргийн хамт “Ножо” хэвлэлийн газар хүлээсэн нь нэр төрийн хэрэг билээ. Тасраад байсан “Хэлхээгүй сувд” цувралаа “Аянгат цагийн тууж”-аар үргэлжлүүлэн хэлхэх боломж тохиосон минь юутай их завшаан... Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.