Бүтээлүүд

Монгол товчион түүхийн тайлал

Энэхүү судар нь дээдийн дээд Онгодууд буун ирж “Монголын нууц товчоог‘’-г тайлж бичсэн судар болохоор дэс, бүлэг, агуулга нь үндсэндээ тохирох ч дутуу дэсүүдийг нөхөж, дундуур тайлбарыг нь дүүргэснээрээ, тэр тусмаа арга билгийг ил далд ертөнцийн уялдаа холбоотой нь хамтатган буулгаснаараа манай байтугай дэлхийн утга зохиолын түүхнээ анхдагч болохуйц бичлэгийн хэв шинжийг агуулсан онцлогтой судар болно. ‘’Монгол товчион түүхийн тайлал’’ судар нь нийт 12 бөлөгтэй, энэ нь бас бэлгэдэлтэй, 550 дэстэй, энэ нь 550 бугшмалын тухай нууцлан үлдээсэн тоо юм. Монгол гэрийн 6 ханатын нүд бас 550 байдаг бөгөөд дам дамаан холбогдоод нууц нь тайлагддаг. Энэ 550 дэс нь “Монголын нууц товчоо‘’-нд 282 болтлоо цөөрч бидэнтэй золгожээ. Монголынхоо үнэн түүхийг мэдүүлэх зорилготой энэ судрыг ухах тусам ухаан дэлгэрнэ. Түүнийг хэрэглэх бүрт нууцаа дэлгэнэ. Нэг шад шүлэг нь хэдэн ч янзаар хувьсаж болно. Судар гэх өөр бусадтай харьцуулж үзэхэд бичлэгийн арга маяг, сэтгэлгээний цар, хамрах хүрээ, баталгаа нотолгоо, түүх газар усны тодломж, мэдээллийн үлдэц, сэтгэлгээнд нөлөөлөх эерэг тал, сэтгэл хөдлөлийн олон хувиралд автуулах чадвар, алдаа онооны дэнс, түүнээс авах сургамж, ард нь хурах-хураах өв, эднийгээ нэгтгэн тооцох чадвар гээд олон чиглэлээр бусад номнуудаас онцлогтой.

Есийн нэг. ЗэлМэ жанжин

I , II-Р БОТЬ Нийхэм цаг үе нэгж хүмүн, нэгж гэр бүл, нэгж отог, нэгэн улс, нэгэн гүрэн хэмээн өсөвч нэгэн иргүнээ юу гэж бодохоос тэр улсын гэрлийн гялбаа тодордог. Урианхай Зэлмэ би алдын нэр, эцгийн нэр, отгийн нэр, улсын нэр бултыг өөрийн нэр дагуулавч энэ нь тэрэн гэгээт улсын ганцхан гялбаа үзүүр бөлгөө. Энэхүү өгүүлэмжийг унших танаа талархаж, зөв газар нь уухайлж, буруушаахад нь уцаарлаж, сэтгэлийн тольтоороо өөрөө дүрслэх буй зэ. Гэхдээ идэртэн нэгэн хүмүний хувьд эргэлзэн тээнэгэлзэж, эрчрэн хөвчирч, тэмцэн ухаарч, тэнүүнийг мөрөөсөж бүтээсэн нэгэн мөр, бүдгэрсэн нэгэн үлгэр бөлгөө. Үүнийг өгүүлсэнгүй, түүнийг ярьсангүй гэж шүүмжилбэл тэрхүү үйлдэл чинь бусдад тэрчлэн ижил чухал байдагт эргэлзтүхэй. Хүмүний сэтгэлд хамгийн тод дурсамж болон давалгаалах тэр л үгээр намтар өгүүлэхийг хичээв. Их Монгол гүрэнтийн орон зайд мөр дүүргэсэн жанжин авч энэ надад эхлэх цэг нь чухал байсан юм аа. Есөн сүлдийг сацаж ЧинГис хааныг өргөмжлөх тэр үйл нь ухаарал дэнсээг дүүргэчихсэн тул Сартуулын нутагт аврал үзүүлэх гээд алгаа тэнийлгэхэд үрээ харамлан энгэртээ наах эхийг хараад өөрийн минь ээж намайг мөн тэгж өстнөөс хамаарч байсныг санаад энд би дайсан тэр нь өмөөрөгч болж байгааг хараад ижил дээ гэж сэтгэв. Иймтээс ямар ч төрийн анхлах уухайг магтан түшиж, буруушаах дайсан чи Монголтон Кидантан байхаас эс хамаарч үүсэл бадрал нь нэгэн өнгөөр шаргал, зүдрэл нь нэгэн өнгөөр улаан, хүмүн нэгэн чи шар улааны аль ч талд хөвөрч байж болдгийг тунгаатухай. Довтолсондоо дайсан, довтлогдсондоо өөрийн тал болж өмөөрч суудгийг ухаартухай. Бүтээлийг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

Хан хөвүүний цурхираан

Бүтээгчээс хадгалагч нь илүү зовдог хэмээх Амбахай хан эцгийнхээ үгийг мөрлөж амьдарсан, хамаг Монголын бүхий жанждыг айлгадаг АгаЧу хэмээх алдарт жанжин, хан хөвүүний түүх энэ бөлгөө. Тайчууд гэж ямар хүмүүс байсан бэ? Бэхтөр-ийг хороох болсны учир шалтгаан, цаад түүх? Хамаг Монгол улсын хааны гэр бүлд төрөхийн жаргал зовлон? Отог, гэр бүлийн хатуу жаягийн өмнө нугараагүй зан чанар, өөрөөрөө байх гэсэн хүсэл, эрх чөлөөтэй байх гэсэн эрмэлзэл, тэмцлийн түүх, хайр дурлалын сургамжит түүхүүд, улс төр, эрх мэдлийн тавцан дахь амьдрал, анд нөхөрлөлийн түүх, атаатан дайсны харах өнцөг, баян ядуу амьдралын ялгаа, үр хүүхдээ суутан болгож өсгөсөн түүх, улирах түүхийн нэгэн мартагдашгүй тод тамга, Хамаг Монголын хан хөвүүн, суут жанжин АгаЧу. Бүтээлийг уншсан: М.Батмагнай Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

Түүхий илд

Могой жилийн намрын дунд сарын шинийн хоринд тэнгэрийн өнгө хувьсан юу юугүй хур буухаар бүртэлзэнэ. Минжидийн голыг дагасан олон чулуун урцанд Урианхайчууд улаан шороотоос төмөр гарган, ихэд яаран хүчлэх агаад, энд отгийн тэргүү ЖарЧу А Дай их дуугаар цэгц хийн төхөмдөнө. Түүний үгийг өтгөс балчиргүй ясчлан дүүргэж, хөдлөх бүхэн өөрийн дэмээ өргөнө. Энэ дунд балчир багаасаа сургахаа умарталгүй, өтгөс буурлаа сульдаан доройтуулалгүй хэмийг нь олон, үтэрлүүлэх гэж ЖарЧу А Дай ухаан баран тэмтэчнэ. Хөөргөндөө хийх улаан шороог дутаахгүй гэж хичээнэ, хөөргийн галыг унтраахгүй гэж тэмцэнэ, цогшуу тавцанг хүлээлгэхгүйг сэтгэнэ, болц зэлмийг ишлэхэд хувилна гээд түүнд дүүргэх үйл их ээ... Бүтээлийг уншсан: М.Батмагнай Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.