Бүтээлүүд

Би хэн болох вэ?

3-аас дээш насны хүүхдийн өөрийгөө танихуй цуврал-2. Энэ нь шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн, хүүхдийн өөрийгөө болон бусдыг хайрлах харилцаанд суралцахад туслах ном юм. Хүүхдэд эрүүл амьдралын хэв маягийг багаас нь таниулах, бусдыг хүлээн зөвшөөрөх, хүндлэхийг сургамжит байдлаар илэрхийлсэн. Бага балчир наснаасаа бусдыг хүлээн зөвшөөрөхөд суралцсанаар ирээдүйд хэн болон төлөвшихөд нь чухал нөлөөтэй. Бага насны хүүхдийн өөрийн насанд тохирсон хариуцлагыг ухамсарлах нь хичнээн чухал болохыг, мөн эрдэм номонд шамдан суралцахын ач тусыг өгүүлсэн. Өөрийгөө танина гэдэг хүүхэд байхаасаа л эхлэн өөрийн дуртай дургүй зүйлсийг ялган мэдэх, хариуцлагад суралцах, харилцаа хандлага эерэгээр тогтох, өөртөө итгэх, бусдыг хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх гэх зэрэг сайн зан чанарууд төлөвшихөд нь тустай. Монгол Англи хэл дээр хэвлэгдсэн.

Хариулт дотор бий

Миний бие үе үе бодолд үерлэн орж ирэх ухаарлын үгсийг оюундаа тунгаан задалж, тархиндаа зажлан буталж шингээх дуртай. Тэдгээрийн заримаас эрхэм уншигч тантай хуваалцахыг хүсэн энэхүү бяцхан номоо өргөн барьж байна. Хүний хорвоод ижий ааваа баярлуулан мэндэлсэн би бээр удам судрынхаа нэр хүндийг сэвтүүлэхгүй амьдрах зөв хүн болох зам мөрийг өөрөө олж таньж яваа гэхээсээ илүүтэй намайг хүн шиг хүн болоход нээж, чиглүүлж өгсөн, дэмжин тэтгэсэн, ухаарал хайрласан, бас сэтгэлийг минь шархлуулсан, гомдол төрүүлсэн, итгэл алдсан гээд уулзан учирсан хүн бүхэнд талархан бичсэн билээ. “Амьдрал олон өнгөтэй, тэр олон өнгөнд будагдаж сүлэгдсэн ч хамгийн чухал үндсэн өнгийг л бусдад нь уусгалгүй авч үлдэх хэрэгтэй. Энэ бол хүн чанар, ХҮН БОЛОХ УРЛАГ юм” хэмээн бичиж байсан минь саяхан санагдана. Тэрхүү өнгө будгийг хэрхэн хослуулан сүлэлдүүлэн уусгах эсвэл бүр үндсэн өнгөө алдахгүй уусгалгүй авч үлдэх талаар энэхүү бичвэрүүддээ илэрхийллээ. Мэргэн уншигч та авах гээхийн ухаанаар хандан шүүн тунгаан уншина биз ээ.

Бидний эрхэмлэх ёс

Өөрийгөө танихуй цуврал-3 /Миний дотор хэн байна? Би хэн болох вэ? номуудын 3 дахь цуврал/ 3+ насны хүүхдийн “Өөрийгөө танихуй цуврал-3” нь хүүхдийн төлөвшил хөгжил, суралцах үйлсэд уламжлалаа шингээхийг зорьсон, ирээдүйн монгол хүний төлөвшилд үнэ цэнийг бий болгохын тулд ардын ёс заншил, уламжлал, өв соёл, түүхээ үр хүүхдүүддээ зөвөөр таниулахыг уриалсан ном. Хүүхдийн өөрийгөө таних, ойлгох, хүнлэг хүн болон төлөвших, эерэг дадал хэвшихэд нь зориулсан “Өөрийгөө танихуй-1, 2” буюу “Миний дотор хэн байна?” “Би хэн болох вэ?” цуврал номуудын 3 дахь цуврал. Бидний эрхэмлэх ёс ном нь: • Бага насны хүүхдэд монгол уламжлал ёс заншлыг ерөнхий агуулгаар таниулах • Хүүхдүүд нэг нэгэндээ ёс уламжлалаас танин мэдсэнээ дамжуулах • Монгол ёс заншил бол сайн сайхныг түгээхийг хүсдэг талаар мэдэж авах • Аав ээжийгээ болон бусдыг хүндлэх ёсыг ойлгуулах • Бүхнийг хайрлах хайр нь ээж аав, эх дэлхийгээ хайрлахаас эхлэхийг ойлгох • Шүлэглэн бичигдсэн

Хүн болох урлаг

Монгол хувь хүний хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх хүмүүс бол аав ээжүүд юм. Бид үндэстнийхээ онцлог бүхий уламжлал ёс заншлаа, хүүхэд хүмүүжлийн хүнлэг арга ухаанаа орчин үеийн хувь хүний хөгжлийн зарчимтай хослуулан өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх л юу юунаас чухал талаар бичигдсэн ном. Номын ерөнхий агуулга нь дөрвөн бүлэгт хуваагдаж, бүлэг тус бүрд хүүхэд хүмүүжлийн монгол арга ухааныг илэрхийлэхдээ орчин үеийн хувь хүний хөгжлийн элементүүдийг ч орхигдуулахгүй байхыг чухалчилсан. Нэгдүгээр бүлэг. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил. Энд Хүмүүжил, төлөвшил яагаад анхаарал татах асуудал болох талаар болон монгол хүмүүжлийн арга ухааныг хэрэгжүүлэх ямар алхмууд байж болох талаар судалгааны үндсэн дээр тодорхойлсон аргуудыг танилцуулсан. Хоёрдугаар бүлэг. Монгол төлөвшлийн ухааныг орчин үетэй хослуулах арга Монгол хүмүүжлийн арга ухааныг орчин үеийн хувь хүний хөгжлийн аргуудтай хослуулан хэрэгжүүлэх шаардлага болон тэдгээрийн ач холбогдлыг өөрийн туршлагатай холбон тайлбарласан. Тухайлбал, “Хүүхдийг тогтвортой сууж сурахад нь туслах”, Хамт тоглох, “Бүтээлч идэвхийг нь хөгжүүлэх”, “Хариуцлагыг ухамсарлуулах” гэх мэт гарчиг бүрд монгол ухааны утга чанарыг тодотгосон болно. Гуравдугаар бүлэг. Өсвөр насны хүүхдийн хүмүүжил, төлөвшил Өсвөр насны хүүхдийн бие сэтгэлзүйд гарах өөрчлөлтүүд болон тэдний онцлогийг ойлгох, энэ үед чухалд тооцогдох гоо зүйн төлөвшил, хөдөлмөрийн хүмүүжлийн тал дээр анхаарах нь ямар ач холбогдолтой талаар илэрхийлсэн. Дөрөвдүгээр бүлэг. Аав ээжийн хөгжил Аав ээж бүхэн хувь хүн бөгөөд өөрийн хөгжилдөө тал бүрээс нь анхааран, өөрөөрөө үлгэр дуурайл үзүүлэх нь хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй талаар болон өөрийн судалгааны үндсэн дээр тодорхойлсон монгол хувь хүний хөгжлийн таван үзүүлэлтийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дурдсан болно.