Сент-Экзюпери

Антуан де

Антуан Мари Жан-Батист Роже де Сент-Экзюперийг Францын төдийгүй хүн төрөлхтөн нийтээр хамгийн аугаа их зохиолчдын нэг хэмээн бахархан дурсдаг байна. Хэдийгээр тэр 44 насалж, энэ хоорондоо зохиол бүтээл бичих боломж, хугацаа хомс байсан ч бичсэн хэдхэн зохиол нь бүгд эрхэм нандин бүтээлүүд болж чадсан байна. Тэр зөвхөн зохиолч байгаад зогсоогүй яруу найрагч, цэргийн сэтгүүлч, туршлагатай зоригтой нисгэгч, тагнуулч байжээ. 1930 онд бичсэн “Шөнийн нислэг” туужаараа утга зохиолын ертөнцөд хөл тавьсан тэрээр Фашистууд эх оронд нь халдахад зэвсэг барин, онгоц жолоодон тулалджээ. Найз нөхөд нь түүнийг “Чи фронтын шугам дээр биш, цэргийн сэтгүүлчийнхээ ажлыг хийвэл энэ дайны ялалтад илүү их хувь нэмэр оруулна” хэмээн ятгаж байсан ч тэр бээр өөр зүйлийг бодож байв. 1939 онд дэлхийн II дайны гал ид дүрэлзэн асаж байх үед тэр бээр “Би энэ дайнд заавал гар бие оролцох учиртай. Яагаад гэвэл миний хайртай бүхэн аюул заналд учраад байна. Энэ дайны гал бол ойр зуурхан хичээл чармайлт төдийгөөр дарагдчих гал биш юм. Миний дотоод сэтгэл маань энэ аюул заналаас хайртай нандин бүхнээ хамгаалан тэмцэх учиртай гэдгийг надаас шаардаж байхад би хэрхэн тайван унтаж, амарч чадах билээ” хэмээн бичиж байжээ. Тэр бээр эрэлхэг зоригтой нисгэгч байв. 1944 онд байлдааны даалгавар биелүүлж яваад онгоцтойгоо сүйрчээ. Сайн сайхан бүхнийг ихэд хүч гарган хамгаалж байх учиртай юм хэмээн бүтээл туурвилдаа илэрхийлсэн үзэл санаандаа туйлаас үнэнч байж, амь амьдралаараа батлан харуулсан Сент Экзюперийг өнөө хүн төрөлхтөн бахархан дурсдаг билээ.

Та нэвтэрч орно уу!