Даваадаш
Булган
АУ-ны доктор, Анагаахын бичил амь судлаач, Сэтгэл судлаач, Сэтгэл засалч
Дагах
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд
Юунд ч юм санаа зовон түгшүүр төрөн эмзэглэх сэтгэл санааны нэг тийм эвгүй далд эмгэг дэлхийн хүн амын дунд хүрээгээ тэлж хэдэн зуун сая хүн өөрийг нь эзэмдэн буй тэрхүү айдас хүйдэстэй тэмцэлдэн аж төрж байна. Өнөөдөр хүн төрөлхтний 5-30 хувь нь амьдралынхаа аль нэг үед энэхүү эмгэгт өртөн шаналдаг, хэрвээ цаг тухайд нь эмчлэхгүй орхивол архагшин тухайн хүний амьдралын чанарт ихээхэн сөргөөр нөлөөлдөг судалгааны дүн гарсан байна. Энэхүү нэн таагүй байдлаас ангижрахын тулд хүмүүс ихэнхдээ мартагнан зайлсхийх арга замыг сонгодог, тэр нь түр амсхийлгэх ч чухам мөн чанартаа бол өөрөө өөрийгөө хуурахаас хэтрэхгүй, харин ч эмгэгийг улам ужигруулдаг аж. Хамгийн гол нь сэтгэл санаа хямраан гуниг гутралд хүргэн буй тэрхүү айдас түгшүүр чухам юунаас үүдэлтэй болохыг Та бид мэдэж байх нь чухал. Тэр нь юу вэ гэвэл бидний ухамсар сэтгэхүйд нэгэнт тогтсон асуудалтай бодол, асуудалтай итгэл үнэмшлийн бодит дүр зураг төдийгүй, тэр нь эмгэгийг улам бүр тэтгэгч хүчин зүйл болсоор байдаг юм байна. Тиймээс бид энэхүү бүтээлээрээ дээрх эмгэгийг засаж залруулж илааршуулах танин мэдэхүй /когнитив/ зан үйлийн эмчилгээний аргын тухайд дэлгэрэнгүй өгүүлэхийг зорив. Танин мэдэхүйн /когнитив/ хэмээн нэрлэн буй эмчилгээний тухайд гүн бат мэдлэг ойлголт өгөх энэхүү гарын авлага нь хүний амьдралын алхам тутамд таарах алив бэрхшээлтэй асуудлыг бодитой бөгөөд ухаалгаар шийдэхэд нь саад болоод байдаг тархи толгойд нь автоматчилагдан суусан асуудалтай бодол, итгэл үнэмшлийг хэрхэн илрүүлж зөв тийш нь залж засахад тусална. Айдас түгшүүртэйгээ тэмцэх аялалд тавтай морил, бүү ай, бүү залхуур, бид гараас тань бат итгэлтэйгээр хөтлөн замчлах болно!
Эрэгтэйчүүдийн 12 хувь, эмэгтэйчүүдийн 20 хувь нь амьдралынхаа аль нэг мөчид сэтгэл гутралын хурц хэлбэрээр өвддөг. Ихэнх хүн гутрах мэдрэмжийг анх хүүхэд насандаа амсдаг бол хурц хэлбэрийн сэтгэл гутралаар хорь гаруй насандаа өвдөх нь элбэг тохиодог. Дэлхийн хүн амын таван хувь нь сэтгэл гутралын хурц хэлбэрээр аль ч цаг мөчид шаналж баайдаг. Зарим хүний сэтгэл гутрал архаг хэлбэрт шилжин, тэдгээрийн 15-30 хувь нь нэг жил, 22 хувь нь нь хоёр жилийн турш шаналдаг. Сэтгэл гутралыг давтан мэдрэх тусам түүгээр өвчлөх магадлал 16 хувиар их болдог. АНУ-д л гэхэд 10 гаруй сая хүн сэтгэл гутралын эсрэг эм тогтмол хэрэглэдэг судалгаа гарсан байна. Бидний хэн маань ч ялгаагүй сэтгэл гутралаар өвдөхгүй юм шүү гэж хичээх ч хэзээ урхинд нь орсноо мэдэхгүй, нэг л мэдэхэд өвдсөн байдаг. Хачирхалтай нь “би яагаад гутрах болов” гэж хүн дотогшоо ухах тусам тэр байдалдаа улам бүр живдэг юм. Бид өөрийгөө ойлгох гэж хичээх тусам асуудлыг шийдэх бус улам хүндрүүлдгээрээ энэ ихээхэн хэцүү эмгэгт тооцогддог. Харин үр дүнтэй хамгийн эхний арга бол энэ өвчин эмгэгийн тухайд хувь хүн өөрөө мэдлэг ойлголтоо бүрэн дээшлүүлэх явдал юм.
Яаж үзэл бодол, амьдралаа өөрчлөх вэ? Өөдрөг үзэлтэй хүн ихэнхдээ амжилтад хүрдэг, тэд эрүүл мэндээр ч сайн байх тул урт удаан насалдаг. Амьдралд тохиолдох таагүй явдлыг түр зуурынх гэж үзэх учир ямар ч бэрхшээлийг давах гарц заавал байх ёстой гэдэгт итгэдэг. Иймээс тэд урагш алхалсаар нэг л мэдэхэд амжилтад хүрсэн байдаг. Ийм амьдрал таалагдаж байвал та ч бас өөдрөг үзэлтэн болж болно шүү. АНУ-ын сэтгэл судлаач Мартин Селигман сонгодог сэтгэл судлалын салбарт танигдсан гайхалтай, авьяаслаг эрдэмтэн юм. Түүний арга аргачлал сэтгэл гутралтай олон хүнийг анагаасан билээ. Хагас зуун жилийн тэртээ нээсэн ОЛДМОЛ АРГАГҮЙДЭХ онол нь түүнийг алдар хүндэд хүргэсэн юм. Тэрээр хүн өөрийн бодомжид нөлөөлж түүгээрээ дамжуулан зан үйлээ өөрчилж чаддаг гэх хүний сэтгэхүйн нэгэн өөдрөг, онцлог талыг олж нээсэн юм. Хүний сэтгэхүйн энэ онцлог дээр түшиглэн эерэг сэтгэл судлал гарч ирсэн түүхтэй. Селигман эмчийн эерэг сэтгэл судлалын энэхүү ном танд улиг болсон лоозогносон зөвлөгөө өгөхгүй, амьдралд үл хэрэгжих хоосон мөрөөдлөөр ч тэтгэхгүй, харин шинжлэх ухаанчаар сэтгэл санаагаа яаж дээшлүүлэх тухайд нухацтай тайлбарлан, энгийн бөгөөд ихээхэн үр дүнтэй арга, аргачлалтай танилцуулна.
Арьсаа зөв арчлах нь эрүүл сайхан харагдах үндэс болдог. Эрт дээр үеэс хүн төрөлхтөн арьсаа чимэх, толигор сайхан харагдуулах, яр шархаа түргэн эдгээх уламжлалт аргыг хэрэглэдэг байжээ. Жишээлбэл, Клеопатра гашилсан сүүгээр нүүрээ арчдаг байсан гэдэг. Монголчууд бид ч гэсэн зуны цагт тараг нүүрэндээ түрхэж цайруулдаг уламжлалтай. Зуун настын шүүсийг түлэгдсэн арьсан дээр түрхэхэд цэврүү үүсдэггүй, балжингарвын (chamomile) ханд цочирсон арьсыг тайвшруулдаг, үрэвссэн батгыг цайны модны (tea tree oil) тосоор эмчилдэг зэрэг олон уламжлалт аргыг тоочиж болох юм. Ван Скотт, Юнар сүүний хүчил арьсыг гуужуулж, байгалийн ус-холбодог ХУМЕКТАНТ-ыг (хиалуроны хүчил г.м) ихэсгэдэг, коллаген ширхгийн нийлэгжилтийг идэвхжүүлж үрчлээг багасгадаг гэдгийг нээжээ. Сүүний хүчлийг нээсэн хувьсгал нь улмаар нарийсаж олон төрлийн өвөрмөц үйлдэлтэй химийн нэгдлүүдийн гарган авсан байна. Орчин үед амьтны гаралтай бүтээгдэхүүнийг ургамлын болон синтетик гаралтай бүтээгдэхүүнээр орлуулдаг болсон төдийгүй ургамлын идэвхтэй нэгдлийг ч мөн хиймлээр гарган авдаг болжээ. Өнөөдөр арьсыг хөгшрөхөөс хамгаалах бус харин сэргийлэх зорилгоор бүтээгдэхүүнд антиоксидантыг түлхүү нэмдэг болсон байна. Хэдий энэ ном арьс-гоо заслын эмч, мэргэжилтэн нарт зориулсан мэт санагдахч үйлчлүүлэгчдэд ч гэсэн аль болох ойлгомжтой энгийн хэлээр хүргэх гэж оролдов. Бид энэ номондоо арьс арчлах бүтээгдэхүүний үндсэн найрлага болон арьсны төрөл, онцлог, асуудал зэрэгт ямар бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх талаар суурь ойлголтыг хүргэхийг хичээлээ. Та бүгдэд сонирхолтой, ойлгомжтой, хүртээлтэй байх болов уу, ингээд аяллаа эхэлье!
Микробиологийн шинжлэх ухаан бол нүдэнд үл үзэгдэх бичил биетэн буюу микробыг судалдаг юм. Микроб нь газар орчныг нэлэнхүйд нь тархан дэлхий ертөнц дээр орших амьдралыг тэтгэн байдаг байгалийн гайхамшигтай шимт хишиг юм. Бид эхээс төрөх тэр агшнаас хорвоог орхин одох хүртлээ гадаад орчны микробуудтай тэр бүх хугацааны турш байнга л харьцан амьдардаг. Ингэхэд бидний биед нэн чухал ашигтай тэрбум тэрбум тооны бичилбиет байдгийг Та ер нь мэдэх үү? Гэвч энэхүү ном микробын тэр ашигтай сайн талыг бус харин ашиггүй, хортой, муу муухайг нь илүү өгүүлэх гэж буйгаараа ихээхэн онцлог юм. Өөрөөр хэлбэл хүнд эмгэг төрүүлэгч халдварт өвчин гэдэг аюулыг үүсгэгч вирус, нян, бичил мөөгөнцөр, эгэл биет, шимэгч зэрэг микробын тухай ярина гэсэн үг. Өнөөдрийг хүртэл үхлийн үндсэн шалтгааны нэг болсоор байгаа ч хүн төрөлхтөн халдварт өвчний халдварлан тархах зам, хамгаалж болох арга ухаан, мөн антибиотик, вакциныг нээснээр өвчлөл, эндэгдлийг эрс бууруулж чадсан билээ. ӨВДӨӨД ЭМЧЛЭХЭЭС ИЛҮҮ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ НЬ ЧУХАЛ! Иймд аливаа халдвар, халдварт өвчнөөс өнөөгийн өндөр хөгжсөн анагаахын шинжлэх ухаан, эм, эмч, эмнэлэг биднийг аврах ч хүн нэг бүрийн эрүүл саруулаар амьдарч аж төрөх хувийн өндөр соёл, сонор сэрэмж, мэдлэг мэдрэмж юу юунаас чухал болсон тийм эгзэгтэй цаг үеийн хүмүүс шүү гэдгийг эл бэсрэгхэн номоороо танд сануулахыг зорив.