Содовсүрэн

Наранчимэг

АУ-ны доктор, профессор С.Наранчимэг нь анагаахын ба боловсролын салбарт 41 жил ажиллахдаа хүүхдийн эмчийн цагаан нөмрөгөөс эхлээд их сургуулийн профессорын индэр хүртэлх амьдралын баялаг замыг туулжээ. Энэхүү хугацаанд тэрээр нэгэн чухал үнэнийг олж мэдсэн нь: "Мэдлэг, чадвар хэчнээн байгаад түүнийг хөдөлгөгч хүч болох “хандлага” үгүй бол, хүнтэй харилцах чадвар дутмаг бол мэргэжлийн үнэ цэн бүрэн гардаггүй" талаарх ойлголт юм. 1996 оноос АШУҮИС-д багшаар ажиллаж эхлэхдээ сургалтын хөтөлбөрт хандлага, харилцах чадварын талаар хөндөж улмаар биеэ даасан “Харилцааны ур чадварын тэнхим” байгуулахаас гадна эрүүл мэндийн үйлчилгээний үндэсний стандартыг (MNS 7014:2024) боловсруулахад оролцсон үйл хэрэг нь ном төрөх суурь болжээ.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Үйлийн судалгаанд суурилж хөгжихүй

Үйлийн судалгаанд суурилж хөгжихүй

2026/03/13

“Үйлийн судалгаанд суурилж хөгжихүй” ном нь Монголын эрүүл мэндийн салбарт сүүлийн хориод жилийн турш өрнөсөн үйлийн судалгааны (Action Research) түүхэн замнал, онол арга зүй болон бодит үр дүнг нэгтгэсэн хамтын зүтгэлийн тайлал юм. Энэхүү номоос Академич Б.Жадамбаагийн тодорхойлсон нүүдэлчин монголчуудын "ажигч гярхай" чанар хэрхэн орчин цагийн шинжлэх ухааны арга зүй болон хөгжсөн түүх, 2000 онд ШКТЭ-д асаасан "соёлтой шүүмжлэл"-ийн очноос эхлээд өнөөдрийн улсын стандарт (MNS 7014:2023) хүртэлх 20 гаруй жилийн өгсөх мушгиа, Сувилахуй, анагаахын боловсрол судлалын хүрээнд хэлэлцүүлэгдсэн 62 илтгэл, практик кэйсүүд, "Төлөвлөх-Үйлдэх-Ажиглах-Эргэцүүлэх" мөчлөгөөр дамжуулан ажлын байрандаа тасралтгүй хөгжих, "сэтгэл гарган үйлчлэхэд" туслах бодит гарын авлага юм. Эрүүл мэндийн салбарын нийт эмч, сувилагч, мэргэжилтнүүд, анагаахын сургуулийн багш, оюутнууд болон өөрийнхөө үйл ажиллагаанд "соёлтой шүүмжлэл" хийж, мэдлэг бүтээх замаар тасралтгүй хөгжихийг эрмэлзэгч хүн бүрд зориулагдсан ширээний ном болно. Өөрчлөлтийг холоос хайх бус, стандартыг сэтгэлтэйгээ хослуулсан өөрийнхөө хандлага, үйлдлээс эхлэхэд туслах ном юм. Ялангуяа эрүүл мэндийн салбарт тоон үзүүлэлтээс илүүтэйгээр "яагаад" гэдэг асуултад хариулдаг чанарын судалгааны аргууд (ажиглалт, ярилцлага) маш чухал байдаг .Үйлийн судалгааны амин сүнс болсон ажиглалт, баримт бичгийн шинжилгээ, ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын аргыг хэрхэн ашиглах талаарх заавар, өдөр тутмын ажил дээр тулгамдаж буй "асуудал"-ын жинхэнэ шалтгааныг илрүүлж, түүнийг шийдвэрлэх шинэ санааг хэрхэн бодит үйлдэл (Action) болгох аргачлал, судалгааны үр дүнгээ зөвхөн өөртөө үлдээх бус, "Үйлийн судалгааны эрдмийн хурал"-ыг хэрхэн зохион байгуулах, илтгэлээ хэрхэн хэлэлцүүлж, хамтын мэдлэг бүтээх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл орсон болно.

20,000₮
Хандлагын ид шид

Хандлагын ид шид

2026/02/25

Мэдлэг, чадвар хэчнээн байгаад түүнийг хөдөлгөгч хүч болох “Хандлага” үгүй бол мэргэжлийн үнэ цэн бүрэн гардаггүй. Энэхүү бүтээл нь анагаах болон боловсролын салбарт ажилласан 40 жилийн арвин туршлага, олон улсын "Анагаахын боловсрол судлал"-ын онол, арга зүйд үндэслэн бичигдсэн хүн бүрийн ширээний ном юм. Иргэдийн "сэтгэл" гэж нэрлэдэг тэрхүү ойлголтыг "Хандлага" хэмээх шинжлэх ухааны нэр томьёогоор сургалтын хөтөлбөрт тусгаж, хэрхэн зааж, үнэлэх, судлах арга зүйг практик жишээгээр тайлбарласан. Энэхүү номыг уншсанаар "хандлагын" талаар онолыг судлахаас гадна хувь хүн өөрийгөө өөрчлөхөд "хандлагын" талаар мэдлэгтэй болж, улмаар өдөр тутмынхаа үйл ажиллагаанд ашиглаж, амжилтад хүрэхээс гадна, тухайн хүний эрүүл амьдрах нь ч энэхүү "хандлагатай" холбоотой болохыг ойлгож авна. Түүнчлэн "эерэг хандлага" эзэмшихэд нөлөөлж буй хүчин зүйлсийн тухай, хандлагаа тодорхойлох сорил ашиглах, хандлага өөрчлөгдөнө гэдэг нь тухайн хүний биеэ авч явах соёл буюу боловсон ёс, хувь хүнд өгөгдөл болон уламжлагдсан ёс суртахууны суурь мэдлэг буюу ёс суртахууны цагаан толгойд суралцахын чухлыг мэдэж авна. Энэхүү номыг уншиж, өөрийн болгосноор ид шидийг амьдралынхаа өдөр тутмынхаа үйлдэл дээр мэдэх болно.

20,000₮
Харилцах чадвар

Харилцах чадвар

2026/02/25

"Харилцах чадвар” номоос мэргэжлийн ёс зүй эзэмшихийн тулд амьдралын суурь чадварын нэг болох харилцах чадварын талаар (аман, аман бус, бичгийн, дүрс тэмдэгтийн), амьдралыг үнэ цэнтэй, аз жаргалтай болгодог "55%-38%-7%"ийн дүрэм, харилцах чадварын суурь 2 чадвар болох сонсох, асуулт асуух чадварын тухай, бусадтай эелдэг харилцахын тулд монголчуудын амьдралын ухаан, онцлог байдал, ад удам дамжин ирсэн ёс суртахуун, зан чанар, сэтгэлийн тухай, түүнчлэн сайхан харилцахад эрүүл мэндийн цогц ойлголтын талаар мэддэг болно. "Хүн бүр адилгүй, хүлэг болгон жороогүй" байдаг тул хүн төвтэй тусламж, үйлчилгээ үзүүлж буй байгууллагын соёл, удирдлага, үйлчилгээний тухай мэдэж авахаас гадна, анхны уулзалтад хэрхэн бэлтгэх талаар олж мэднэ. Хүний эрүүл мэнд сайхан харилцахад нөлөөлдөг бөгөөд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахаар болон үзүүлж буй мэргэжилтэн хүний хувьд харилцаанд хэрхэн оролцох, үзлэгийн өрөөний онцлог, хүндэтгэл, анагаахын ба сувилахуйн мэргэжилтний онцлог, харилцах чадварт суралцахад "хамтран буюу жижиг бүлгийн сургалтын ач тус, харилцаанд тулгамдаж буй асуудлыг "үйлийн судалгаа" ашиглаж хийсэн бүтээлтэй танилцана. Энэхүү ном нь хүн бэлтгэж буй сургалтын байгууллага, хүнтэй ажилладаг аль ч байгууллагын мэргэжилтний харилцах чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.

20,000₮