Гомбожав

Мэнд-Ооёо

Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь 13 настайгаасаа шүлэг бичиж эхэлсэн бөгөөд 1980 онд “Бодлын шувуу”, 1985 онд “Өлзий утас”, 1990 онд ”Хуурын магнай”, 1993 онд “Алтан Овоо”, 1997 онд “Утгын болор сүм”, 2002 онд “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчид айсуй”, 2007 онд “Яруу найраг шидэт долгион”, 2010 онд “Гэрэлтэх агшин бүр”, “Хэсэг цагаан манан”, 2012 онд “Гэгээнтэн” (роман), 2015 онд “Шилийн Богд” (роман), "Гол ус тунгалагших цаг", 2016 онд "Оюун санааны хээр тал", "Нүүдэлчин одны үлгэр", "Дөчин нэгэн хунгийн домог", "Хөхүүдэй", 2018 онд "Оршихуйн гэрэлт хүрээн дотор", 2020 онд "Цагаан манан, гэгээн гуниг" зэрэг яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэлийн 60 гаруй ном хэвлүүлжээ. Мөн Өвөрмонголын Ардын хэвлэлийн хорооноос түүний бүтээлийн чуулганыг 10 ботийг үндэсний монгол бичгээр эрхлэн гаргажээ. Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүд англи, орос, хятад, франц, испани, герман, япон, хинди, грек, бенгал, тамил зэрэг дэлхийн 60 шахам хэлээр орчуулагдан хэвлэгджээ. Г.Мэнд-Ооёо нь 2009 онд Унгарын нийслэл Будапешт хотноо болсон Дэлхийн Яруу найрагчдын их хурлаас “Поэт лаурет” цол, алтан титмийн хамт, 2014 оны 9-р сард Румын Улсын Крайова хотод болсон Дэлхийн Яруу найргийн наадамд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 50 гаруй яруу найрагчдаас тодорч Гранд буюу тэргүүн шагнал тус тус хүртжээ. Мөн тэрээр 2014 онд Италийн Чиветилла Райнери сангийн тэтгэлэгт хөтөлбөрт уригдаж, Чеветилла хэмээх 15-р зууны шилтгээний урланд суун уран бүтээлээ туурвисан. 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол төрийн эрхэм дээд шагнал - тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртсэн анхны зохиолч юм.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Шилийн богд

Шилийн богд

2020/07/21

Уг романы үйл явдал нь XIX зууны хоёр дахь хагаст Монгол орны зүүн өмнөд хязгаар болох Дарьганга нутагт өрнөх бөгөөд Тооройбанди хэмээх шилийн сайн эр, түүний орчин тойрны эгэл хүмүүс, Манжийн ноёрхолтой тэмцэж буй амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, зовлон жаргалыг өгүүлнэ. Үйл явдлын чинадад хязгаар нутгийн ард түмэн оршин үлдэх дархлаа, язгуур өв соёлоо хэрхэн нандигнан хамгаалж, түүний төлөө ядрах зовох, тэр ч бүү хэл үхэхээс ч үл айн баатарлаж буйг гол шугам болгон өгүүлж байна. Хэдийгээр роман түүхэн цаг үеийн нийгмийн байдал, хүмүүсийн тухай өгүүлэх боловч зохиолын гол баатар нь Онгон хэмээх элсэн бүрдийн манханы оройд ургасан “Оройн ганц мод”, тэрхүү модонд үүрээ засч анхны үр өндөгөө төрүүлэхээр зэхэж байсан “Агшуу”, “Эгшүү” хэмээх эрэгчин, эмэгчин шонхор шувууд юм. Монголын хээр тал нутагт болж буй нийгмийн байдал, хүмүүсийн амьдралыг тэнгэрт дүүлэх “Агшуу”, “Эгшүү” хэмээх хос шонхор дээрээс нь нэгд нэгэнгүй халиах бөгөөд энэхүү шувуудын амьдрал нь зохиолчийн цаг хугацаа, орон зайг понарамдан үзүүлэх уран сайхны өвөрмөц хэрэглүүр болж байна. Гэхдээ энэ нь зөвхөн уран сайхны хэрэглүүр төдий биш. Бүл шувуудын амьдрал, хувь заяа нь газар дээр амьдрагч хүмүүсийн адил зовлон жаргал, бэрхшээл хатуужил, эрсдэл тулаан бүхнийг туулж байна. Өгүүлэгч: МУАЖ Г.Равдан Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо Хөгжим чимэглэл: 1.Хөгжмийн зохиолч Х. Алтангэрэл "Дарьгангын хээр тал" аялгуу 2. Ардын хуурч Д. Гомбожав морин хуурын татлага "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

22,000₮
9 цаг 54 мин
Гэгээнтэн

Гэгээнтэн

2020/11/30

Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх шинэ роман нь XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Данзанравжаагийн ер бусын ид шидлэг гайхамшигт далд ертөнцөөр аялуулах болно. Данзанравжаа өөрийн төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод ертөнцөд хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгээд амьтны аймаг, эрдэнэт хүмүүний бүтээл оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьж улмаар Шамбал хэмээх нууцын орныг төрөлх говь нутагтаа нээж буй суу гайхамшигт билиг эрдмийг нь зохиолч романыхаа гол шугам болгожээ. Шамбалын нууц оршсон Ноён хутагтын эрдмийн өвийг авч үлдэхийн төлөө 1937 оны хэлмэгдүүлэлт, шашин соёлыг хааж боосон хуучин тогтолцооны хүнд бэрх хавчилт дундуур амь биеийг үл хайрлан тэмцэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж чадсан тахилч О.Түдэвийн амьдралын нууцлаг, бишрэм түүхийг романы үйл явдалтай сүлэлдүүлэн өгүүлжээ.

27,500₮
14 цаг 12 мин
Зөөлөн ай

Зөөлөн ай

2021/07/04

Эрхэм таны сонорт толилуулж буй энэхүү сонсдог ном нь Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн "Зөөлөн ай" хэмээн алдаршсан 1980-90-ээд оны шүлгүүдээс дээжилжээ. Монгол яруу найргийн сонсголонт үгсийн намуун аялгуу, нүүдэлчин язгуурын хэм хэмнэл, төрөлх хэлний эрхэмсэг найруулга бүхий түүний шүлгүүд таны сонорыг мялаах болно. Зохиогчийн өөрийн дуу хоолойн 2010 оны бичлэгүүдээс гадна, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, Ардын жүжигчин Гомбын Равдангийн уншсан яруу өгүүлэмжүүд уг цомог бүрдэж байна. "Зөөлөн ай" хэмээх энэ цомогт түүний дэлхийн яруу найргийн наадмын тэргүүн шагнал хүртсэн “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор”, мөн Данзанравжаагийн нэрэмжит Монголын яруу найргийн наадмын тэргүүн байр эзэлсэн "Хүлээж байгаа ээж" болон "Он цагийн хүрд" зэрэг шилдэг бүтээлүүд багтжээ. "Зөөлөн ай" хэмээх сонсдог номын төгсгөлд Түвэдийн шүлэгч, 6-р Далай лам Цаянжамцын "Янагийн дуулал" хэмээх алдарт найргийг Мэнд-Ооёогийн 28 насандаа уншиж бичүүлсэн дуу хоолойгоор сонсоорой. Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний сэтгэлийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая. Аудио бүтээлийн нийт урт: 1цаг 7минут

17,600₮
1 цаг 7 мин
Гол ус тунгалагших цаг

Гол ус тунгалагших цаг

2020/07/21

Баримтат уран бүтээлийн чуулган болох эсээ, нийтлэл, хөрөг, тэмдэглэлүүдийн эмхэтгэл. Уг номд зохиолчийн түүх, соёл, байгаль, экологийн сэдвээр бичсэн эсээ, нийтлэлүүдээс гадна, өөрийн цаг үеийн нэртэй уран бүтээлч, эрдэмтэн мэргэдийн тухай хөрөг, гадаад орнуудын соёлын ертөнцөөр аялсан тэмдэглэл зэрэг сонирхолтой бичвэрүүд, өөрийн уран бүтээлийн болон зохиогчийн дотоод ертөнцийг нээсэн эсээнүүд голлох байрыг эзэлсэн байна. 360 орчим хуудастай томоохон энэ номд Г.Мэнд-Ооёо зохиолчийн Монгол төрийн дээд шагнал - тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртээд хэлсэн үгийг “Хэлсэн үгэндээ эзэн нь өөрөө оршиж байдаг” гэсэн гарчигтайгаар нийтэлжээ. “Гол ус тунгалагших цаг” баримтат зохиолын энэхүү чуулган нь цаг үеэ илэрхийлсэн уран бүтээлчийн сэтгэлийн толь болсон төдийгүй, залуу үеийнхэн өөрсдийн дотоод ертөнцөө илэрхийлж сурахад гарын авлага болохоор сонирхолтой ном болсон байна.

16,500₮