Ренчин

Чойном

1936 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын Бор ухаа гэдэг газар төржээ. Энэ үед эцэг Ренчин 31 настай, эх Рэгзэн 26 настай байжээ. Зарим материалаар бол хилс хэргээр хэлмэгдсэн гэдэг ч мэдээ бий.. Чойном Хэнтий аймгийн Ерөнхий Боловсролын дунд Сургуулийн 6 дугаар ангид суралцаж байхдаа өөрөө ч сүрьеэ өвчинтэй байсан учир сургуулиас чөлөөлөгджээ. Үүнээс хойш дахиад сургуулийн мөрийг хөөж үзээгүй өнгөрчээ. 1953 онд Хэнтий аймгийн МАХН-ын хороо, “Ардын Депутат”-уудын хурлын гүйцэтгэх хорооны “Урагшаа” сонины газарт машины бичээчээр орж хөдөлмөрийн мөр хөөж эхэлжээ. 3-н жилийн дараа буюу 1956 онд нийслэл Улаанбаатар хотноо нүүж ирээд “Монголын урчуудын эвлэлийн хороо”, Улсын төв музей, “Шинжлэх ухаан амьдрал” сэтгүүлийн хэвлэх газар зэрэг байгууллагуудад сийлбэрч, барималч, зураачийн ажлыг хийж байжээ. Энэ хооронд 1961 онд “Залуу нас” гэдэг найраглал, 1964 онд “Хүн” шүлэглэсэн роман бичээд тусгай ном болгон хэвлүүлж байжээ. Энэ хоёр зохиол Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс 1968 онд хэвлүүлсэн “Монголын орчин үеийн уран зохиолын товч түүх”-т өндөр үнэлэгдэж байв. “Хүн” гэдэг шүлэглэсэн роман 1990 оны 6 дугаар сард дахин хэвлэгдэж Өвөрмонголд “Өнөр цэцэг” сэтгүүлийн 1991 оны 1 дүгээр сарын дугаараас эхэлж нийтлэгдэж байсан юм. Р.Чойном 1967 онд сүрьеэ нь дахин муудаж өвчний группт орсноос хойш албан ёсоор улсын байгууллагад ажиллаагүй байжээ.

Та нэвтэрч орно уу!