Бямбаагын

Сарантуяа

Зохиолч Сарантуяа нь 1995 онд УБИС-ийн утга зохиолын ажилтны ангийг зохиолч, утга зохиолын ажилтан мэргэжлээр дүүргэсэн. 2012 Сорхугтани 2014 Сайн хаан Бат 2017 Самар хатан 2020 онд тогосны цөс романуудыг хэвлүүлсэн. Одоо МЗЭ-н удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Самсара: Хүслэнт ертөнц

Самсара: Хүслэнт ертөнц

2025/03/25

Сайтар ажиглан харж чадах юм бол санаандгүй тохиолдол гэж хорвоо ертөнц дээр байдаггүй агаад эрт цагийн болзол учралаар хүмүүс хоорондоо уулзаж, биесийнхээ зүрх сэтгэлд жаргал зовлонгийн үрийг тарьсаар явдаг. Энэ номд удахгүй тайзнаа тавигдах шинэ жүжгийн гол дүрийн жүжигчдэд тохиолдсон хачин жигтэй явдлуудаар дамжуулан өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээгч цаг хугацаа, орон зай, толины тусгал мэт бидэнтэй айлсах зэрэгцээ ертөнцийн анир дор санаж сэрж байгаа тэдний сүнсний ухамсрын сэлэлтийн тухай өгүүлнэ. Самсара хэмээх үхэл амьдралын мөнхийн тойргоос хагацаж үл чадах үзэгдэлт орчлонгийн үйлийн үрийн барилдлага бүхэн нь тэднийг энэхүү тайзан дээр нэгэн цагт, нэгэн жүжгийн гол дүрээр уулзуулсан юм. Үнэндээ бол чөлөө учралт хүмүүний төрлийг олно гэдэг нь бидэнд ч санаж сэрэх, ухаарч сэхээрэх үүлэн чөлөөний нар шиг цаг хугацаа байж болох юм. Хэрэв тийм бол та ч гэсэн энэ зохиолын гол дүрийн жүжигчидтэй хамт тэдний үйлийн үрийн барилдлагаар бүтсэн үзэгдэлт жүжгийн өрнөл дунд санаж сэрж магадгүй юм. Шашин хийгээд шинжлэх ухааны уулзвар цэр дээрээс үнэн мөнийг эрэлхийлэн бичсэн энэ ном танд амьдарна гэдэг амьд байхын нэр биш амжиж сэрэхийн нэр байж болохыг сануулах болтугай.

27,500₮
8 цаг 3 мин
Сүүдэр ярьж эхлэхэд

Сүүдэр ярьж эхлэхэд

2026/05/14

Гэрэл оршихуйд сүүдэр дагалддаг шиг хүн бүрийн дотор сүүдэр бий. Гэвч сүүдэр үргэлж чимээгүй оршдоггүй. Зарим шөнө тэр амьсгалж, эзнээсээ өмнө сэрж, чимээгүйхэн нэрээр нь дуудаж эхэлдэг. Энэ бол чиний бодохоос зугтсан, сонсохоос татгалзсан, цаг хугацааны гүнд дарж орхисон тэр дуу хоолой. Сүүдэр ярьж эхлэхэд харанхуй амилж байгаа хэрэг биш. Харин гэрэлд гарч амжаагүй чиний нэгээхэн хэсгүүд сэрж, өөрсдийнхөө ил гарах замыг хайж эхэлж байгаа хэрэг юм. Аялгуу бол бусдын нүдэнд гэрэл гэгээ болон харагддаг, аз жаргалтай бүсгүй. Гэвч түүний инээмсэглэлийн цаана хэзээ ч бүрэн арилж байгаагүй нэгэн сүүдэр мэт харанхуй чимээгүйхэн амьдарч байлаа. Тэгтэл нэг өдөр үл таних хүнээс ирсэн зурвас тэр сүүдрийг дуудан сэрээнэ. “Өнөөдөр чи улаан даашинзтай явж байсан. Гэрийг чинь мэднэ...” Тэр үгс зүгээр нэг сүрдүүлэг биш байв. Харин цаг хугацааны уртад хав дарж мартсан айдас түгшүүр нь эргэн ирсэн хэрэг байлаа. Бүсгүйн дурсамжийн гүнд арван таван настай охины зүрхэнд хэзээ ч бүрэн эдгэрээгүй нэгэн гүнзгий шарх амьсгалсаар байсан юм. Энэ зохиол бол айдсаа даван туулсан хүний тухай түүх биш. Харин айдастайгаа нүүр тулж, түүнийг ойлгож, өвдөлт шархаа эдгээж, өөрийгөө чөлөөлсөн хүний тухай түүх юм. Уучлал гэдэг бусдад биш харин өөртөө өгдөг хамгийн эрхэм эрх чөлөө болохыг Аялгуугийн түүх танд сануулан хэлнэ. Хэрвээ чи энэ түүхийг нээвэл гол дүрийн бүсгүйн мөрийг даган явсаар нэг л мэдэхэд өөрийнхөө сүүдэртэй нүүр тулж мэднэ. Тэр үед чи түүнтэй ярилцах уу? Эсвэл зугтах уу?

27,500₮
7 цаг 51 мин
Сорхугтани

Сорхугтани

2020/07/21

13-р зуунд Чингис хаан тал нутгийн Монголчуудыг дахин нэгтгэж, их Монгол улсыг байгуулан, Монголын бүх овог аймгууд их хааны сүр хүчин дор цуглаж байв. Энэ үед Хэрэйд хэмээх оюуны өндөр соёлтой овог аймгийн удирдагч Ван ханы дүү, Жаха Хамбугийн охин Сорхугтани, Чингис хаантай тангараг тасарсан эцэг эх, ахан дүүсээ аврахын тулд өөрийн хүслээр хаанд ирж бага хүүтэй нь гэрлэсэн юм. Гэвч удалгүй аав нь их хааны цэргүүдэд хороогдож, эр нөхөр нь төрсөн ахынхаа төлөө золиос болон тэнгэрт хальжээ. Тэрбээр өнчин хөвгүүдтэйгээ, хагацал зовлон, өнчрөл бэлэвсрэлийг сөрж, өөрт заяасан ухаан авъяасын хүчээр эх хүний үүргээ нэр төртэй биелүүлж, эмэгтэй хүн энэ орчлонд ирээд буцахдаа юу хийж болохыг өөрийн биеэр харуулсан түүхт хатан байв. Энэ роман их эзэн Чингис хааны үеэс Мөнх хааны үе хүртэлх хагас зуун жилийн хугацаа, Монголын нууц товчоо бичигдэж дууссан цагаас хойших түүхийн балархай эх сурвалжуудыг хөвөрдөж, уран зохиолын хэлнээ буулган, эзэнт гүрний мандал бадрал, уналт босолтын он жилүүдийг Сорхугтани хатны түүхэн амьдралтай холбон харуулжээ. Найман зууны тэртээ Сорхугтани хатны эгэл хүмүүний амьдралаар амьдарч, зовлон жаргалын дундуур явсан бахдам түүх, найман зууны дараа уран зохиолын хэлнээ буун уншигч авхай танаа хүрч байгаа нь магад тэрбээр мөнх тэнгэрээс өөрийн зөвшөөрлөө илгээсэн хэрэг биз ээ.

28,000₮
12 цаг 29 мин
Самар хатан

Самар хатан

2020/12/04

САМАР ХАТАН РОМАН 15-р зууны эхэн үе. Алтан ургийн угсаа залгамжлагч Элбэг нигүүлсэгч хаан хайрт охин Самар гүнжээ хүнд өгөхөөр харийн нутагт мордуулаад байсан ч удалгүй түүнийг буцаан авч ирэх зарлиг буулгаснаар энэ романы үйл явдал эхлэнэ. Самар гүнжийг эргэн ирэхэд Элбэг хаан хилсээр хороосон шадар туслахынхаа хүү Батулагаас уучлал хүсэн охиноо өгөхөөр шийдсэн байв. Ийн хайртай хүндээ очих замаасаа буцаагдан ирсэн залуу бүсгүй сэтгэлгүй хүнтэйгээ эвлэрэх аргагүй болоход хааны ордноос оргон зайлах гэж оролдох боловч Батула түүнд татгалзах аргагүй санал тавьснаар үйл явдал цааш үргэлжилнэ. Болзол тохиролцоо амлалт дээр тулгуурлах тэдний харилцаа хэрхэн үргэлжилж, баруун зүүн түмний тэмцэл, цус асгаруулсан самуун он жилүүд хэрхэн өрнөж, тасрах шахсан алтан ураг, таран бутрах дөхсөн Монгол түмний төлөө эгэл нэгэн бүсгүй хэрхэн тэмцэж явсныг энэ номонд өгүүлнэ. Үндэс угсаа, үйлс зорилгынхоо төлөө эхлээд хань ижилтэйгээ, дараа нь төрүүлсэн хүүтэйгээ, удаад нь ач хүүтэйгээ зөрчилдөн тэмцсэн Самар хатны амьдралын ээдрээт он жилүүдээр Монголын түүхэнд “Бага хаадын үе” гэгддэг 15 зууны эхэн үеийн нэгэн жарны түүхийг харуулсан болно. Нийт 14 бүлэг, 15 цагийн турш үргэлжлэх Самар хатан романаа таалан сонсоорой.

28,000₮
15 цаг 11 мин
Сондгой цагаан сувд

Сондгой цагаан сувд

2022/07/18

Хүмүүс бид энэ хорвоод хаанаас ирдэг юм бол? Энд ирээд ганцхан удаа амьдраад л бүх зүйл дуусдаг гэж үү? Тэгвэл итгэл хайр, баяр гуниг, инээд нулимс, хайр үзэн ядалт хаана очиж замхардаг юм бэ? Үгүй бол хүмүүс энэ хорвоог орхисны дараа хаа нэгэн газар очдог юм уу? Тэгвэл тэнд нь чухам юу хүлээж байдаг юм бол? Хорвоогоос түрүүлж буцсан хайртай хүмүүсээ олж уулзаж чадах уу? Хэрэв тийм бол бид ирж буцах хүмүүн заяаны савслагаар үргэлжлэх цаг хугацааны орчилд нэгэн биеэс нөгөөд хувирч төрсөөр байдаг гэж үү? Энэ бүх асуултад эрэл хайгуул хийх аян замынхаа эхэнд та зогсож байна. Нэгэн удмын эмэгтэйчүүдийн зуун жилийн амьдрал, жаргал зовлонгийн нулимсыг хэлхэн бичсэн энэ зохиол танд урд өмнө уншиж байгаагүй цоо шинэ сэдэв ч байж болох юм. Магадгүй энэ номыг уншиж эхлээд та үл итгэнэ, дунд нь эргэлзэнэ, эцэст нь үнэмших болно. Харин хэзээ нэгэн өдөр энэ бүхэн үнэн худлыг мэдэх үедээ уран зохиол хэмээх хязгааргүй далай тэнгисийн дунд аялж явсан энэ дурсамжаа эргэн санаж ч магадгүй юм. Энэ бол сэрэх мэдрэмж, энэ бол ухамсар хэмээх үл тасрах уяаны үзүүр учгийг зангидан эгшиглэсэн зөн совингийн аялгуу байж мэднэ. Бүтээлийг уншсан: зохиолч Бямбаагийн Сарантуяа

27,500₮
9 цаг 41 мин
Сайн хаан Бат

Сайн хаан Бат

2021/02/10

Чингис хаан нэгэн цагт "Миний ач үрс наран мандахаас шингэх зүгийг эзэгнэн суу!" гэсэн захиа зарлигийг газар дээр үлдээн оджээ. Өвөг эцгийнхээ энэ гэрээсийг биелүүлэхийн төлөө хааны олон ач үрс нэгэн тугийн дор жагсаж, наран мандахаас шингэх зүгийг дайтан эзлэхээр бүгд нэг гараанаас гарсан ч тэдний дундаас хамгийн холд гялалзаж чадсан эрэмгий дайчин, ухаан билэгт ач хөвгүүн нь Бат хаан байсан юм. Энэ зохиолд 19 настайдаа өвөг эцгийнхээ захиас зарлигийг хүлээн авсан Бат хааны хэрхэн Орос европын зүгт наран шингэх үдшийн орнуудыг байлдан дагуулж, Ромын папыг хүртэл чичрүүлж явсан их аян дайны тухай болоод, эргэн ирж Ижил мөрний хөвөөнөө бууриа зассан Алтан ордын улсын тухай, мөн 250 гаруй жилийн туршид өнөөгийн агуу уудам Орос орныг нэгтгэн захирах эхлэлийг тавьсан тухай өгүүлнэ. Эрэлхэг жанжин, цуст тулаанч Бат хаан бээр түүхэнд "Сайн хаан Бат" хэмээн нэрлэгдэн үлдсэн баримтад тулгуурлан гол дүрийн мөн чанарыг уран зохиолын аргаар үзүүлэхийг зорилоо. Мөн энэ зохиолоор дамжуулан өнөө цагийнханд үлгэрлэн дуурайж болох эр хүний хэв шинжит дүрийг бүтээж, өнөө ч үргэлжилж байгаа хүний амьдралын мөн чанар хийгээд ирээд буцах энэхэн хорвоод хүн хэрхэн амьдарч явсан зам мөрөө тодоос тод үлдээж болдогийн жишээг өгүүлэхийг хүслээ. Зохиолд өгүүлэгдэж буй үйл явдлуудыг түүхэн сурвалжаас хөвөрдөн эх баримттай нь уяж бичсэн агаад эх сурвалжид дурдаагүй үлдсэн хэсгүүдийг уран сайхны аргаар зохиомжилж, гол дүрийнхээ үйл хэргийг тодотгохын тулд уран сайхны дүрүүдийг нэмж оруулсан болно. Энэ зохиол нь номын хуудсаар 500 хуудас, нийт 18 бүлэг 20 орчим цаг үргэлжлэх бөгөөд эхний бүлгийг YOUTUBE сувагт Byamba SARANTUYA хаягаар орж сонсож болно. Мөн энэхүү сонсдог номыг дуу чимээний мэргэжлийн түвшинд стерео дуугаралттай бүтээсэн тул чихэвчээр сонсвол илүү мэдрэнэ.

28,000₮
16 цаг 49 мин
Тогосын цөс

Тогосын цөс

2021/07/09

Ази дорно дахины Ромео Жулетта хэмээгддэг нэгэн хайрын гэгээн түүхийг өгүүлэх энэхүү зохиолд Юань улсын төгсгөл үед амьдарч асан Юньнаны захирагч Базарбарам вангийн охин авьяаслаг шүлэгч Агай гүнжийн гэгээн хайр, ариун мөр, гунигт хувь тавилангийн тухай өгүүлнэ. Өмнөд хятадын ард түмний дунд үе улиран дуулагдаж ирсэн янаг амрагийн сэдэвт гуниг харууслын дууллын эзэн, алтан ургийн монгол бүсгүй Агай гүнжийн амьдралаар тэнгэрийн их Юань гүрний мандан бадраад мөхөн буурсан бахархалт хийгээд эмгэнэлт түүхийн зурвас үеийг харуулсан болно. Юань улсыг түлхэн унагасан улаан алчууртны бослого ид дэгдэж асан тэр цагт Агай гүнжийн эцэг Базарбарам вантан бээр үр удам, үндэс угсааг эрхэмлэгч алтан ургийн зөрчиж болохгүй цааз хязгаарыг алхаж нэгэн шийд гаргасан нь Юань гүрний баруун өмнөд биеийг хамгаалахын төлөөнөө улаан алчууртныг хавсран дарсан Дали нутгийн захирагч харь үндэстэн Дуань гүнд хайртай охин Агай гүнжээ богтлон өгөх шийдвэр байжээ. Хайр сэтгэлээ золин байж харь үндэстний эрд очсон монгол бүсгүй Агай гүнжтэн гараасаа хөтлөх үрийн заяагаа үргээлгэн байж үе улиран захирч ирсэн дээдсийн зарлигт Юньнаныг түймэрдэх их аюулыг сөргүүлж тавьсан цурмын галыг асаах цучил болон очсон юм. Гэвч хожмын үйл явдлууд, урган боссон учир шалтгаан, буруу санаатны хорт явуулга, дасан ижилдсэн тэдний амьдралд давж туулшгүй зовлон учруулахын цагт хайр сэтгэлийн гэгээн үнэний төлөө хатуу зарлигт толгой бөхийн, бүлээн нулимс яруу шүлгээ цацал болгон өргөөд одсон залуухан бүсгүйн зүрхнээс урссан хайр, унагасан нулимс, ивэлсэн шүлэг зургаан зуун тавин жилийн туршид түүхийн цоохор хуудсыг дамжин өртөөлсөөр өнөө уран зохиолын хэлнээ буун, уншигч таны гар дээр очиж, гэгээн хайрын нандин түүхээ номын хуудсанд шивнэн өгүүлж байна. Таалан болгооно уу! Нийт 15 бүлэг энэхүү номын эхний бүлгийг Byamba Sarantuya-youtube хуудаснаас сонсох боломжтой. Уншсан: Уг номын зохиогч Бямбаагийн Сарантуяа

28,000₮
13 цаг 17 мин
Сэтгэл залгигч хот

Сэтгэл залгигч хот

2020/10/28

Алдар хүндийн оргилд хүрч, авах идэхийн дон нь ханасан шинэ цагийн баян эр их хотын төвд бариулсан шилэн байшингийнхаа оройгоос халин оджээ. Амьд ахуй насандаа тамаас диваажин хүртэл аялсан энэ эрийн амьдралынхаа нугачаа бүхэнд гүн гэгч нь шигтгэн үлдээсэн нууцууд нэг нэгээр ил болохын цагт уншигч та хүний хийж болох хамгийн адгийн үйлдлийн ард ч зөвтгөн бодох учир шалтгааны үзүүр нуугдаж байдгийг олж мэднэ. Удаад нь аливаа зүйлийг гэрэл зураг адил ганцхан талаас нь харах учир дутагдалтайг ойлгох болно. Нийгэм шилжсэн ерээд оны хүнд үед хөдөөгийн буйдаас хотын амьдралд хөл тавьсан залуусын үзэж туулсан бүхэн одоо өрнөж буй эрэл хайгуултай сүлэлдэн нэгэн цул болж өрнөхдөө уншигч танд ч өнгөрснөө эргэн харах, хаана юу гээснээ дэнслэн бодох, сэтгэлийнхээ мухрыг зайчлан өөрийн доторхоо уудлан үзэх сэдлийг авч ирж магадгүй. Хүмүүс өөрчлөлтийг хүсдэг ч тэр нь өөрийн дотор эзнээ хүлээж байдгийг анзаардаггүй. Учир нь хот бидний харах нүдийг халхалсан. Хот бидний мөн чанарыг эвдсэн. Бид хээрийн салхинд морин дэл дээр хурдлан давхихаас илүү хэтэрхий давчуу хотын гудамжинд түгжрэн зогсохыг хөгжил дэвшил гэж андуурах болсон. Хэн нэгний өөдөөс инээмсэглэн харж чин сэтгэлээсээ мэнд мэдэхээс илүү хажуу айлаа ч танихгүй дөрвөн ханан дундаа төөрөн суух болсон. Энэ эндүүрэл биднийг хааш хөтлөн хүргэх бол? Уншигч та гол дүрийн бүсгүй АГАЙ-н хамт СЭТГЭЛ ЗАЛГИГЧ ХОТ-оор аялахад хот хамгийн сайхан, хот хамгийн харгис хэрцгий болохыг мэдрэнэ. Номын эхний бүлгийг Youtube: Byamba Sarantuya хаягаар сонсох боломжтой. Уншсан: номын зохиогч Б.Сарантуяа

17,000₮
5 цаг 31 мин