Соёрх

Пүрэвсүрэн

Зохиолч С.Пүрэвсүрэн

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Хайр нандин

Хайр нандин

2021/07/27

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн энэхүү ХАЙР НАНДИН өгүүллэгийн түүвэрт Утгын чимэг 2020 богино өгүүллэгийн наадмын тэрүүн шагналт бүтээл “Хөнөгийн цагаан салхи” тэргүүт 45 өгүүллэг багтсан юм. Олон мянган жилийн уламжлалт нүүдэлчин монгол түмний соёл сэтгэлгээний онцлог, хүн байгалийн харилцан шүтэлцээ, монгол хүний яс чанар, уламжлалт ахуй амьдралын онцлогийг нүдэнд харагдаж сэтгэлд буутал дүрслэн үзүүлдэг хэмээн түүний бүтээлийг уншигчид нь дүгнэсэн байдаг юм. Хайр нандин хэмээх энэхүү сонсдог ном өгүүллэг бүхнээрээ таныг амар амгалан монголын хөдөөд хүргэж, бодрол, ухаарал нэмнэ гэж итгэж байна. Зохиолчийн бусад зохиол бүтээлүүдийн дээжтэй танилцахыг хүсвэл Youtube: Purevsuren Soyorkh хаягаар сонсох боломжтой. Аудио бүтээлийн нийт урт: 6цаг 30минут

18,200₮
6 цаг 29 мин
Ангууч

Ангууч

2025/09/29

Зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн шинэ романыг танилцуулж байна. Тэнхлэгээ даган эргэлдэх орчлон ертөнцийн цаг хугацааны урсгалд хөвөгч хүмүүн бид өөр өөрийн үүрч дүүрэх оноолт ачаа, омог бардам ааш, овилго муутай зан, хүнлэг энэрэнгүй сэтгэлээ тээн, зовлон жаргалаа тэгнэсээр өнөөдрийг үдэн маргаашийг угтсаар нэгэн насыг барна. Зовлон ихтийн сэтгэлд ч өөрийн гэсэн жаргал буйн адил, бусдын төлөө сэтгэлээ эмтлэх гэгээн сэтгэлтэнд ч үйлдсэн нүгэл байдагтаа орчлонгийн тэн үл хазайж, жингийн цуваа саатдаггүй биз ээ хэмээн зохиолч маань номынхоо өмнөтгөлд бичжээ. Атгаг сэтгэлтэн, агуу ухаантан, бусдын жаргалыг бусниулагч бээр цөм багтдаг ертөнцийн гэрэл сүүдрийг харуулсан "Ангууч" романд сайн үйлсийн төлөө амь амьдралаа золиослогч мөрдөн байцаагч, тагнуул цагдаагийн ажилтны амьдралын тухай туурвижээ. Өгүүлэгч: М.Батмагнай Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

30,000₮
5 цаг 30 мин
Хөх мөндөр

Хөх мөндөр

2026/02/03

“Ханилсандаа халгаатай шулам” гэж дээр дооргүй шивтнэдэг билэг муутай үгэнд дөжирсөн мэт чимээ аниргүй явдаг ч, бодолд автсан ботгон бор нүдэнд нь нууцхан гуниг тунарсан, жижигхэн шар бүсгүйг уран Цэнгэл гэнэ. Ажилсаг шаавай бүсгүйн гарын урыг гайхан бахдахгүй хүн Товгорын говийн ар өвөрт үгүй гэлцэвч, бууж мордон, эргэж тойрохоос эмээдэг харчууд орой үдэш нохой шуугиулан тойрч одно. Уран Цэнгэлийн арван хурууны ур шингэсэн тоорцог малгай, арслан барс ноцолдуулан шагласан гоёмсог даалин, шавж буй ороондоо омогшсон бууран тайлаг хатгасан аяганы уут, үүлэн хээгээр гоёсон оймсны хараа тэргүүтэн нь халхын хавтгайд олон харагдахгүй ховор нандинд тоологдох хэдий ч зорьж очин үнэ хэлэлцэх хүн ховор. Удам судрыг нь хөөвөл халтар арвайгаар архирдаг арслан сийлж, амтай бүхний уран улаан хэлийг тагнайгаа тэвхэдтэл гайхшируулсан, зүүн хүрээний бурханч лам Данжин гэвшийн үсэрсэн цусны бүдгэрсэн толбо хэмээх таамаг төдий яриа байдаг нь оносон зөрсөн хоёрын огтлол дундаас төрсөн үгийн сэжүүр, үнэний хэлтэрхий гэнэ.

30,000₮
6 цаг 33 мин
Уулын сүүдэр буухаар

Уулын сүүдэр буухаар

2021/04/08

Энэхүү романд эдүгээгээс зуун жилийн өмнөх үйл явдал дүрслэгдэх агаад харц ард, хүний ганц хүү Банзар болон түүний эргэн тойрны хүмүүсийн амьдрал, хайр сэтгэл, зовлон жаргалаар дамжуулан нийгэм солигдож, цаг төр эргэж асан ардын хувьсгалын үеийн үйл амьдралыг тусган харуулжээ. Зохиолч энэхүү романдаа монголчуудын уламжлалт ахуй амьдралыг өгүүлэхдээ монгол хүний удам судар үр ачдаа өвлөгдөн, ус саваа даган хөлддөгийн адил удмын алтан хэлхээс жаргал зовлон дундуур нааш цааш тодорч бүдгэрэн байдгийг харуулжээ. Зохиолын гол дүр Банзар хэмээх бүрэг даруу монгол залуу нас биед хүрч өсөхдөө эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө зүрх сэтгэл нь хэрхэн төлөвшин тогтож буйг өнөөгийн залуу үеийн эрхэм уншигч танд ухааруулах гол зорилго агуулсан ажээ. "Аавын бийд хүнтэй танилц агтны, бийд газар үз" гэсэн ардын үг байдаг. Төмрийн уран дархан, буурал аавыгаа дээдийн оронд үдчихээд орчлонд орь ганцаараа торойн үлдсэн залуу хүү "Юу юугүй эхнэр авч амьжиргааны гадсанд аргамжигдах дэмий" гэсэн аавынхаа сүүлчийн захиасыг хэрэгжүүлж, газрын хол, усны уртад аав ээжийнхээ араас эргэл мөргөл хийх буяны эрэлд, газрын хол, усны уртыг туулан явган аялж бадарчилахдаа үлгэр домогт л гардаг, үлэмжийн гайхамшигт увдис, хятад манж хэлийг харь нутгийн өвгөн архадаас суралцаад унасан газар угаасан усаа тэмцэн эргэж ирнэ. Аж амьдралаа төвхнүүлж үр удмаараа өнөр олуулаа жарган, цаг цагийн ороо бусгай үеийг уран ухаанаар туулан, удам судраа салаалан байгаа тухай энэхүү романд өгүүлнэ. Мөнхүү агуу цэцэн, яндашгүй баян Монгол хэлнийхээ гайхамшигт өвийг сэргээн хэрэглэхийг уриалсан мэт монгол ахуй амьдралтай салшгүй холбоотой мартагдсан үг хэллэгүүдийг шигтгээ болгон ашигласан нь өнөөгийн залууст эх хэлнийхээ баялаг сангаар аялуулах боломжийг бүрдүүлжээ. Бүхэл бүтэн романд гарч байгаа бүх дүрүүд нь Монгол хүний ариун сэтгэл, эр хүний холч ухаан, бүсгүй хүний уяхан сэтгэлийг илтгэсэн байх бөгөөд нэг ч муу хүн, муу дүргүйгээр сонирхолтой адал явдал зөрчилдөөнийг харуулжээ хэмээн ахмад зохиолчид дүгнэсэн нь буй. Жинхэнэ монгол ахуй, монгол хүний мөн чанараар бичигдсэн, нийт 11 бүлэг 10 цаг үргэлжлэх энэхүү номын эхний бүлгүүдийг Soyorkh PUREVSUREN-YOUTUBE хаягаар хүлээн авч сонсоорой.

18,200₮
8 цаг 22 мин
Хөх чулууны шид

Хөх чулууны шид

2021/02/19

Эрхэм номын цагаан буянтан уншигч та бүхэндээ "Хөх чулууны шид" хэмээх дөрвөн тууж багтаасан номоо сонсгохоор өргөн барьж байна. "Нутгийн салхи" хэмээх эхний туужид хэлмэгдлийн шуурганд өртсөн эрдэмтэн лам нарын бурханлаг сэтгэл, өөрийн хар амиа авч үлдэхээс илүүтэй эрдэмт шавь нарынхаа амь насыг аварч үлдэх чинхүү санааг гаргаж байгаа өвгөн лам нарын цөлх монгол ухааныг харуулсан. Насны наран шингэж буй эрдэм төгс өвгөн лам нарыг аврахаар шөнөжин давхиж ирсэн Хайнаг Жанлавт захиж буй өвгөдийн үг яах аргагүй монгол хүний ухаан билээ. Нэгэн эцгийн үрсийн төөрөлдсөн хувь заяа ах нь дүүгээ гэсэн сэтгэлээ ойворгон хөөрүү зангаар нууж яваа Хайнаг Жанлавын бодол, залуухан харчуулын цаг үеэ даган өөрчлөгдөж буй бодол санааг энэ туужаас сонсоорой. Харин Он цагийн сүлжээс хэмээх зохиолчийн бичсэн ууган туужид эцэг үрийн элбэрэл, бөх хүний жудаг, дагавар хүүгээ өөрийн хүүгээс үл ялган өсгөж буй монгол эр хийгээд залуу насанд алдаж онож явсан гоц мэргэн харваач Тогмидын төрсөн хүүгээ хараад өөрийн нэг насны алдаагаа ухаарч буй сэтгэлийн драмыг энэ туужаас сонсох болно. Хувь заяаны эргэлт туужид нийгмийн ороо бусгаа цаг үе, ардчлалын ач буян, шилжилтийн үед өнчирч үлдсэн жаалхүүгийн ороо бусгаа амьдрал тэр дундаа эцгээ гэсэн жижигхэн дурсамжаа мартахгүйн тулд хуушуурын жаахан гуанзанд өдөр бүр очиж, хиншүү үнэртсэн үнэрийг сэтгэл зүрхээрээ мэдэрч байгаа нь хүн хүнээрээ үлдэхийн тулд тийм жаахан учгаас чаргууцалдан амьдарч байгааг харуулсан аж. Хэдийгээр үл таних хүмүүсийн дунд золбин гөлөг шиг амьдарч яваа ч байгалиас заяасан хүн чанар нь гараас нь хөтөлж өсгөсөн Майжиг охины ганц цамцыг өдөр бүр ханцуйндаа чихэж алдчихаас айж яваагаас харагдана. Гэтэл ядарч зүдэрсэн хүн зон дотор сайхан сэтгэлийн оч унтардаггүй болохыг Шөөнөө хэмээх тэнэмэл хүүгийн өргөмөл аав Баянжаргал өвгөний холч ухаанаас сонсогдоно. Хүний ижий гэгч буянтан насан эцэс болсон ч үр хүүхдийнхээ төлөө сүнс нь үл амирладаг хийгээд бидний үзсэн харсан амьдралаас гадна зөн совин, далд ертөнц байдаг гэдгийг энэ туужаас сонсоорой. Хөх чулууны шид туужаас монгол ахуй, хүний амьдралын ээдрээ хүн байгалийн шүтэлцээг олж мэдэхийг танд хууч дэлгэн хэллээ. Та энэхүү номыг бүтэн сонссоноор ухааны мэлмий чинь гэрэлтэн гийх ерөөлийн хадаг дэлгэе. Энэхүү номын эхний хэсгүүд болон зохиолчийн бусад сонсдог номыг YOUTUBE сувагт SOYORKH PUREVSUREN хаягаар орж сонирхон сонсох боломжтой. Хөх чулууны шид ном нийт 4 туужаас бүрдэж, сонсох хэлбэрээр 12 цаг үргэлжилнэ.

19,500₮
10 цаг 4 мин
Манай ангийн Болдоо

Манай ангийн Болдоо

2020/12/14

Хүний амьдралын мартагдашгүй гэгээн үе, чин үнэнч анхны хайр гэдэг цаг хугацаа алсран одовч хүмүүний сэтгэл зүрхний хаа нэгтэй үүрдийн мөнх үүрээ засч, тэндээ үнэн ариун хэвээр оршин байдаг тухай энэхүү номонд өгүүлнэ. Арван жилийн сургуульд бие биедээ сэтгэл татагдаж явсан ч амьдралын урт замаар салан одсон хосуудыг хувь тавилан амьдрал хэмээх уртаас урт замын дунд дахин учруулсан шалтгаан юу вэ? Хэн хэнийг нь сүүдэр шиг дайран өнгөрсөн алдаа оноо, хүн чанарын үй олон шалгуурыг даван гарсны дараа тэд энэ удаад тэр л ариун гэгээн хүүхэд ахуй насныхаа чин сэтгэлээр бие биедээ хандаж чадах бол уу? Энэхүү ном нь хэвлэгдэн гарсан цагаасаа хойш уншигчдийн дунд эрэлт ихтэй байсаар ирсэн бөгөөд өнөө сонсдог ном болон танд хүрч байна. Уншигч та “Манай ангийн Болдоо” номыг сонсон сэтгэл зүрхний хаа нэгтэйх үнэн ариун дурсамж болон үлдсэн анхны хайрынхаа гэгээн ертөнцөөр аялаарай. Зохиолч энэхүү 3 бүлэг 4 цагийн туршид үргэлжлэх сонсдог номоо + зургаан ширхэг сонсдог өгүүллэгийн хамт баринтаглан уншигч танаа өргөн барьж байна. Таалан сууж сонсоорой.

13,000₮
3 цаг 28 мин
Өвгөдийн цадиг

Өвгөдийн цадиг

2022/06/17

Түймрийн цурманд үлдсэн өнчин хялгана шиг өдрөөс өдөрт цөөрч байгаа хөдөөгийн хөх өвгөдийн, дээдэс өвгөөсөө өвөртөлж ирсэн язгуур монгол ухаан, дулаахан сэтгэл хүнлэг ёсны хөх араншингаас уншигч танд дахин дөхүүлье ээ. Өвгөдийн минь бурууг буруушааж, ташуур шиг үгээр тас ороолговч, цээжнийх гүнд зөөлөн сэтгэл, зөв бодол нь, манаж хоносон аргалын цог шиг уугиж байдаг, зөвийг зөвшөөхдөө алалцаж явсан дайснаа ч зөв үнэлж мэддэг цөлх ухаан, холыг харж, хорвоог цэгнэх төрөлх араншин өнөөгийн биднээс үргэчих гээд байх шиг... Уг нь монгол эр хүн гэдэг... Өвгөдөө үдэж өөрсдөө өвгөд болон үлдэх залуусдаа зориулж энэхүү номоо баринтаглалаа. Таалан болгооно уу. Бүтээлийг уншсан: М.Батмагнай Найруулагч: Б.Батболд, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

18,000₮
7 цаг 15 мин
Айсуй цэнхэр нутаг

Айсуй цэнхэр нутаг

2020/11/27

Монгол улсад ардчилсан хувьсгал ялж, бүх нийтээр зах зээлийн нийгэмд шилжсэн үеийн шинэ цагийн монголчуудын амьдрал ахуй, мөн чанар, үзэл бодол, аливаад хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг харуулсан болно. Ахин сургуульдаа явахгүй гэж хэлсээр хөдөөгийн буйдад буй гэртээ жирэмсэн ирсэн оюутан охиныг их хотод үзсэн айдас түгшүүр нь хэрхэн зовоож, хэний ч танихгүй эгэл жирийн гагнуурчин эрийн цээжинд нуугдаж асан монгол хүний үнэн сэтгэл хэрхэн асан дүрэлзэж, харьд суухдаа өвөг дээдсийнхээ хэрэглэж асан ирт сэлэмний ишнээс атгаж сэрсэн эрдэмтэн залуу хэрхэн хүсээгүй зүйлийнхээ араас амь амьдралаа зориулж, мөнгөөр л бүхнийг худалдаж авна гэж сэтгэсэн шинэ цагийн наймаачин эрийн бардам сэтгэл хаана нугаран унаж буйг, бусад олон дүрүүд хэрхэн үүргээ гүйцэтгэж, унаж босож ухаарч сэхээрэхийг энэхүү номноос уншаарай. Монголын хөдөөд үлдсэн, мартагдах шахсан буйдхан амьдралыг цагийн салхи, талын айтай хамт хөвөрдөн бичсэн үйл явдлын уран сүлжээ, зохиолчийн торгон үгс, нарийн мэдрэмж бүхий энэ ном таныг өчүүхэн ч уйдаахгүйгээр нийт 6 бүлэг, 7 цагийн турш үргэлжлэх болно. Таалан сонсоорой.

18,200₮
5 цаг 41 мин
Хөх шуурга

Хөх шуурга

2022/09/23

Зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн бичсэн Хөх шуурга романыг шинээр хүргэж байна. Эх түүхээс сэдэвлэн бичсэн "Хөх шуурга" роман бол түүхэн зохиол биш ээ. Гэхдээ эх түүхээсээ холдож салахгүйгээр ойрын бараатай, хол саахалтын зайтай нүүдэллэж бичсэн. Их эзэн Чингис хааны хан хөвүүд Өгөөдэй, Тулуй хоёрын харилцаа сэтгэхүйн зөрчил, хаан хүний ёс зүй, эзэн богд хаан эзний гэрээслэл хэрхэн гүйцэлдэв. Жахахамбу ноёны ихэр мэт хоёр охин Ибага бэхи, Сорхогтани бэхи хоёрын нууцхан гоморхол хийгээд амь тусдаа амьдралын жам ёсоор үүссэн зөрчил тэмцлийн илэрхийлэл Эрдэв, Мөнгөлжин гэж хоёр элчийн хөх шуурга шиг амьдрал, хайр сэтгэл хагацал зовлонг сүлжиж бичсэн билээ. Эрдэв, Мөнгөлжин хоёр яг хэн бэ. Тэд яагаад хайр сэтгэлээ зангидан учравч, хагацаж салахын цагт илд зөрүүлэн тулалдана вэ. Хөх мөнх тэнгэр тэр хоёрт ямархан үүрэг оноов. Энэхүү роман Тулуй эзний түүхтэй хэрхэн холбогдов гэдгийг аудио зохиолоос та сонсож мэдэх болно. Өгүүлэгч: М.Батмагнай Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.

20,000₮
7 цаг 35 мин
Хүний ганцын дууль

Хүний ганцын дууль

2021/06/16

Зохиолч Соёрхын Пүрэвсүрэнгийн бичсэн "Хүний ганцын дууль" хэмээх энэхүү ном Хүний ганцын дууль Шүтээн Уулс аргадах аялгуу гэсэн 3 туужаас бүрдсэн ажээ. Хүний ганцын дууль хэмээх туужид алдар цуут Арвай хээр мориор төлөөлүүлэн хүний амьдралын зовлон жаргал, хүний ганцад тохиолдох гашуун ганцаардал, ах дүүсийн бие биенээ хүндлэх ёс жаяг, анхны хайрын гэгээн гунигийг уянга гуниралтай бичжээ. Харин " Шүтээн" туужид уул усаа хайрлан хамгаалах утга учир, багшдаа өргөсөн тангарагтаа үнэнч явах ёс зүй, үе дамжин захиж үлдээсэн нууцлаг учир, ах дүүсийн ээдрээ , Шунал тачаал, бэрийн хүнлэг чанарыг үзүүлэх зорилгоор бичигдсэн байна. Харин "Уулс аргадах аялгуу" хэмээх туужид хэлмэгдлийн гашуун түүх хэдэн үе дамжин сүүдрээ тусгаж байгааг Дамдин хүүгийн амьдралаар тод харуулсан. Дамдин хүүд тохиолдсон анхны хайр хийгээд Нандинцэцэг хэмээх хөгжимчин охинтой учирсан учрал нь хэдийгээр адал явдалтай ч гэлээ заяаны ханиуд бие биенээ олдог тухай та унших болно. Таны гэгээн тунгалагт оюунд таалал тогтох болтугай Аудио бүтээлийн нийт урт: 10цаг 10минут

18,200₮
10 цаг 11 мин
Хавт Хасар

Хавт Хасар

2021/01/08

Монгол угсааны Зүбү арван найман аймаг, тал нутгийн нүүдэлчин отог омгуудыг нэгэн гарт шагай шиг хураасан эзэн Чингис хааны тэмцэл ялалтын их уухай хангинасан түүх шастирын шарласан хуудаснаа түүнтэй хамт гарцаагүй дуурсагдах нэгэн хүн нь хаан эзний төрсөн дүү Хасар билээ. Чингис хааны цогцлоон бүтээсэн их Монгол гүрэн улсын тулах багана, Хавт мэргэн Хасар ноёны амьдрал тэмцэл, омгорхол хийгээд ухаарлын дуун, алсын хараа, холч ухааныг 13-р зууны цадиг чимээ, эрдэмтэн мэргидийн бичиж үлдээсэн түүх судар, өвгөдөөс өвгөдөд, үрээс үрд өвлүүлэн үлдээсэн үлгэр мэт домгийн шивнээ, монгол хүмүүний ухааны ундаргад шигтгээ мэт гялалзан үлдсэн үүх түүхийн улбаа сэжмийг хөвөрдөн, өнөө үеийн монгол сэтгэхүйд таацуулан бичсэн "Хавт Хасар" түүхэн роман нь баринтаглагдаад удаагүй ч монголын хэвлэл мэдээлэл, радио телевизүүдийн анхаарлыг татаж Интерном номын их дэлгүүрийн шилдэг борлуулалттай номын тоонд багтаж байв. Зохиогч Соёрхын Пүрэвсүрэнг UBM -89.3 радиогийн "Морин цаг" нэвтрүүлэг, MNC телевизийн "Шинэ ном" нэвтрүүлэг, Соён гэгээрүүлэгч телевизийн "Шинэ номын галерей" нэвтрүүлэг, Интерном номын их дэлгүүрээс зохион байгуулсан шүүмжлэгч- зохиолчийн нүүр тулсан халз мэтгэлцээний хамгийн эхний зочноор урьж, өнөө ч "Хавт Хасар" номын тухай яриа хэлэлцүүлэг уншигчдын дунд өрнөсөөр буй билээ. Энэ дундаас MNC телевизийн "Шинэ ном" нэвтрүүлэгийн 2020 оны онцлох романаар энэхүү ном шалгарсан юм. 2021 оны гараан дээр "Хавт Хасар" романыг авьяаслаг жүжигчин Мөнгөнтулгын уншилтаар сонсдог ном болгон таны сонорт хүргэж байна. Нийт 13 бүлэг, 15 цагийн турш үргэлжлэх энэхүү номын дээж, эхний бүлгийг Youtube сувгаас сонордон сонсох боломжтой. Зохиолчийн өгүүлэмж, уншигчийн уран чадвар, хөгжим чимэглэл, дуу авиа бүхэн нэгэн цул болж, "Хавт Хасар" сонсдог ном таныг алс тэртээх 13-р зууны их түүхийн тоост харгуйгаар хором ч уйдаахгүй аялуулах болно. Таалан сонсоно уу!

26,000₮
13 цаг 58 мин
Өвгөдийн жудаг

Өвгөдийн жудаг

2021/10/18

Түймрийн цурманд үлдсэн өнчин хялгана шиг өдрөөс өдөрт цөөрч буй хөдөөгийн хөх өвгөдийн тухай, тэдний "БУРУУД ташуур шиг үгээр тас ороолговч, цээжнийх гүнд зөөлөн сэтгэл, зөв бодол нь, манаж хоносон аргалын цог шиг уугиж байдаг, ЗӨВД алалцаж явсан дайснаа ч зөв үнэлж мэддэг цөлх ухаан, холыг харж, хорвоог цэгнэх төрөлх араншингийн тухай туурвисан өгүүллэгийн ном таны сонорт хүрч байна. Буцах цагийн сэтгэлийн гэрэлт уулс, гүндүүгүй хөх монгол өвгөчүүлийн тухай тэдний эр зоригын дууль, дулаахан сэтгэл, хүнлэг ёсны монгол араншинг уран зохиолын дүрээр бичиж үлдээсэн энэхүү номд дөчин янзын монгол ухаан, дөчин янзын монгол дүр мөнхрөн үлджээ. "Янгирын тэх чичрэм идэр есийн хүйтэнд, ян халилын ноён оргилд чивэл хуялын цэнгэлд өрсөлдөж, эр чадлаараа эрэгчин эмэгчнээ үзэлцэх, азарган чоно шиг араншин үгүйлэгдэж байна. Боохой хэдий араатан ч өлссөн ходоодондоо захирагдаж, өөрсдийгөө тасар татаж яваагүй ээ. Гэтэл.. "Өчигдрийн яриаг оройдоо гээж, өнөөдрийн болзоог өдөртөө сольж... өглөө хэлснээ үдэш мартаж, өлсвөл өөрийгөө ч идчих өлөн занг л өвлөгддөг болчих вий гэсэн зохиолчийн үг энэ номын өгүүллэг бүхнээс харагдана. Бусдын алдаанд магнай хагартал баясч, "буман" төгрөг харуулбал хормой чичрэн сөхөрч, өш санавал өмнөөс биш араас гэтэх, "НҮГЭЛ ИЧЭЭЖ, БУЯН ДАЛЬДАРМААР" хүн зон өсөн үржих вий гэсэн өвгөдийн захиас бас тусгагджээ. Өгүүллэг бүхнийг нь сонсоод үз. Өгүүлэгч: М.Батмагнай Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. 2022 он.

18,000₮
6 цаг 44 мин