
Хоролсүрэн
Оюунбилэг
“Алтан гадас” одонт Хоролсүрэнгийн Оюунбилэг нь геофизикийн инженер, судлаач, багш, одон зурхайч, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн багш юм. Тэрээр геологи, геофизик, боловсролын салбарт олон жил ажилласан ба ШУТИС-д 24 жилийн турш багшлахдаа олон мянган оюутанд мэдлэг түгээж, мэргэжлийн ном, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлүүд хэвлүүлжээ. Мөн геофизикийн сургалтын хөтөлбөр, цацрагийн хамгаалалт, цацрагийн аюулгүй ажиллагааны чиглэлээр стандарт, дүрэм, төлөвлөгөө боловсруулах ажилд оролцсон туршлагатай. Тэрээр 1984 онд геофизикийн мэргэжлээр суралцаж эхэлснээсээ хойш одон орон, гараг эрхэс, байгалийн хүчний орон, хүний амьдралд нөлөөлөх үл үзэгдэх харилцан үйлчлэлийн зүй тогтлыг сонирхон судалж ирсэн. Геофизик нь газрын гүнд буй далд бүтэц, хүчний орон, энергийн өөрчлөлтийг шинжлэх ухааны аргаар тайлдаг бол өрнийн зурхай нь хүний зан төлөв, сэтгэл зүй, амьдралын хэмнэл, дотоод хөдөлгөөнийг орчлонгийн зүй тогтолтой холбон ойлгох танин мэдэхүйн хэл юм. Оюунбилэг багш хүний сэтгэл зүй, зан төлөвийг илүү гүнзгий судлахын тулд 2016–2018 онд Германы сэтгэл зүйчдийн хамтарсан “Нөөцөд суурилсан шийдэлд чиглэсэн, тогтолцоот онол арга зүй”-н мэргэшүүлэх сургалтад шат дараалан хамрагдсан. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын чиглэлээр олон улсын болон дотоодын олон сургалтаар мэдлэгээ зузаатгаж ирсэн ба сүүлийн жилүүдэд сэтгэл хөдлөл, дүр дүрслэлийн заслын сэтгэл зүйн сургалтаар өөрийгөө хөгжүүлсээр байна. “Өрнийн ерөнхий зурхай” ном нь зохиогчийн геофизикчийн аналитик сэтгэлгээ, дөч гаруй жилийн зурхайн судалгаа, багшийн туршлага, сэтгэл судлалын мэдлэгийг нэгтгэсэн цогц бүтээл юм. Энэхүү номд зурхайг өдөр тутмын таамаг төдий бус, харин хүний мөн чанар, зан төлөв, сэтгэл зүйн онцлог, дотоод өсөлтийг танин мэдэх арга зам болгон тайлбарласан нь чухал ач холбогдолтой юм.
Та нэвтэрч орно уу!
