Бат-Эрдэнэ

Батбаяр

Б.Батбаяр нь 1972 онд Улаанбаатар хотод дунд сургуулиа төгсөж, 1972-1973 онд Монгол Улсын Их Сургуульд суралцжээ. 1973-1980 онд Польш улсын Краков хотын Ягеллоны Их Сургуульд суралцаж байгаад, 1981 онд МУИС-д шилжин ирж биохимич мэргэжлээр төгссөн байна. Үүний дараа 1987-1989 онд ЗХУ-ын Москвагийн Улсын Их Сургууль, 1990 онд Лондон дахь Эзэн хааны коллежид тус тус мэдлэг боловсролоо дээшлүүлсэн бөгөөд англи, польш, орос хэлтэй. 1981-1991 онд ажлын гараагаа Микробиологийн шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төвөөс эхэлж, эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллав. 1991-1994 онд Монголын Социал-Демократ Намын даргаар сонгогдон ажилласан. 1994-1996 онд Чөлөөт нийтлэлч. 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын (УИХ) гишүүн. 1998-1999 онд Монгол Улсын Сангийн сайд. 2004-2005 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх. 2006 оноос хойш Нэпко хэвлэлийн газрын зохиолч, нийтлэлчээр ажиллаж байна. Тэр бээр 1980-аад оны үеэс Монгол орны түүх, нийгэм, улс төрийн байдлын талаар эргэцүүлэл бичиж, ном орчуулан өөрийн нууц нэрээр гаргаж эхэлсэн. Түүний бүтээлүүд тухайн үеийн залуучуудын дунд гар бичмэлээр, нууцаар тархаж байв. Эдгээрээс хамгийн алдартай нь Монгол-Орос-Хятадын харилцаа болон коммунист дэглэмийг хурцаар шүүмжилсэн "Бүү март. Мартвал сөнөнө" нийтлэл юм. Тэрээр 1989 онд Ардчилсан Социалист Хөдөлгөөнийг байгуулалцсан анхдагчдын нэг бөгөөд 1990 оны 2 дугаар сард болсон Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хуралд тус хөдөлгөөнийг төлөөлөн оролцохдоо "Хаан нүцгэн байна" хэмээх алдартай илтгэлээ тавьж, коммунист засаглалыг ил тод шүүмжилжээ. 1990-ээд оноос эхлэн нийтлэлчээрээ олон нийтэд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн. Түүний томоохон бүтээлүүдийн нэг нь 1996-2004 онд туурвисан "ХХ зууны Монгол: Нүүдэл, суудал" ном бөгөөд уг бүтээл нь англи, польш, орос хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байна.

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Морь харах зуур

Морь харах зуур

2026/07/07

"Морь харах” гээд нэг үг байна. Энэ нь юу юугүй "би гарч баачхаад ирье” гэж заваартаж байхаар гадаа чөдөртэй морио тайван байгаа эсэхийг нь хараадахъя гэж боловсноор мэдээлж буй хэрэг юм. Энэ үгийг өөрөө цаад утгыг нь ухаж ойлгоогүй хүмүүс гадаадынханд өөрийнхөөрөө тайлбарлаж өгснөөс болоод монголчууд өнөө юугаа "морь" гэж энхрийлдэг юм байна гэж ойлгосон гадаад хүн нэг бус байдаг төдийгүй бусад гадаадуудад сонирхуулан ярьж өхөөрдөн шоолох нь бий. Бас өтгөн шингэн "мөр харах” гэдгээс үүссэн тухай тайлбар ч байдаг. "Нойл нойлдоо" "хажуугийн байрлалаар" "амран" "бодлогоширч" "Гайтавын жаргал" эдэлж суух явцад хөнгөн мөртөө зугаатай, болж өгвөл "мэдлэгт дусал нэмэр" болохуйц ном зайлшгүй хэрэгтэй болдог. Тав тухтай жорлон буй болсноос хойш энэ талаар зохиолч, сонирхогч, хэвлэлийн газрууд санаа тавьдаг болсоор нэлээд хугацаа өнгөрчээ. Иймээс ч Жорлонгийн ном (Toilet book) гэсэн төрөл жанр ч буй болсон. Зарим нь бүр даваадуулаад, жишээ нь япончууд жорлонгийн цаасан дээр сонирхолтой үйл явдлууд, онигоо, комикс хэвлэн гаргах болжээ. Монголдоо ийм ном бүтээх санаа эндээс аван, сонирхолтой явдлуудын цуглуулга хийгээд нэн таашаалтайгаар "морь харах" ном бүтээснээ та бүхэндээ толилуулж байна. Энэ номд сонирхолтой, хачирхалтай, зарим нь үнэмшихэд бэрх мөртөө үнэхээр болсон явдал болон мэдүүштэй хачирхалтай сонин болгоноос цуглуулан эмхэтгэлээ. Сэдэв болгон нь 1-10 мөрд багтахуйц богино, тухайлан сэдэвчлэн ангилаагүй болохоор аль тааралдсан хэсгээс сонсоход огт төөрч будилахгүй, гарын дор ойр байхыг нь бодож ямар ч, тэр байтугай модон жорлонд ч хадаасанд өлгөчхөж болохуйц оосортойгоор хэвлэв. Мэдээж ийм сонирхолтой фактуудыг цуглуулдаг болохоос зохиодоггүй учир эмхэтгэгч маш олон номоос түүвэрлэсэн болно. Сонсогчдод ямар нэг эргэлзээ төрөх вий гэх үүднээс, бас давхар нягталж шалгах боломж олгохын тулд гол төлөв монгол хэлээр нэгэнт хэвлэгдсэн номуудаас ишлэн түүвэрлэсэн болно." -БААБАР Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.

13,600₮
1 цаг 46 мин