Цэдэвдамба

Оюунгэрэл

Цэдэвдамбын Оюунгэрэл нь 1966 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургуулийг алтан медальтай дүүргэж, 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн. 1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг тус тус хамгаалжээ. 2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөрт суралцаж, 2011 оны АНУ-ын Эйзэнхауэрийн тэтгэлэгт шалгаран оролцсон байна. Ажил, амьдралын гараа Эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд 1988-1991 онд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн, 1991-1992 онд Хөвсгөл аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга, 1993-1996 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, 1996-1997 онд УИХ-ын дэд даргын туслах, 1997-1998 онд “Өмч хувьчлал” төслийн менежер, 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 1999-2000 онд УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дарга, 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2009 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх, орон тооны бус зөвлөхөөр тус тус ажилласан. Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Уран бүтээл Тэрээр олонд танигдсан улс төрч, нийгмийн зүтгэлтэн төдийгүй монголын номын зах зээл дэх шилдэг борлуулалттай номуудын зохиогч юм. Түүний “Америкт суралцсан тэмдэглэл” /2007/, “Нүүдэлчний яриа” /2008/, “Миний ажлын ноу-хау” /2010/ номууд нь англиар ярьж сурах хүсэлтэй хүмүүс, гадаад оронд суралцах оюутан залуус, эх орондоо амжилттай ажиллахыг хүссэн хэн бүхний ширээний ном нь болж чадсан. Мөн “Гэрт болсон яриа”/2011/ ном нь хүн амын эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Ц.Оюунгэрэлийн бичсэн “Ногоон нүдэн лам” түүхэн роман нь 2008 онд анх олны хүртээл болсноосоо хойш жил бүр шилдэг борлуулалттай номоор шалгарч, уран зохиолын ертөнцөд “хамгийн их уншигддаг” ном болсон төдийгүй гадаад зах зээл дээр хэвлэн нийтлэгдэхээр бэлтгэгдэж байгаа билээ. Ц.Оюунгэрэлийн бичсэн “Хотол цагаан” /2009/ радио жүжиг нь олны хүртээл болмогцоо Монголын Үндэсний олон нийтийн радиогийн алтан фондод хадгалагдахаар шалгарсан. Уг жүжгийн зохиолыг Монфемнет үндэсний сүлжээ монгол уншигчдадаа зориулан хэвлэн нийтэлж олны хүртээл болгосон ажээ. “Хотол цагаан” жүжгийн зохиолын англи хэл дээрхи хувилбар нь франц хэлнээ хөрвүүлэн хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна. Ц.Оюунгэрэл нь нийгмийн хурц асуудлуудыг хөндсөн нийтлэл, шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдээлэл олгосон бүтээлүүдээрээ танигдсэн нийтлэлч, залуусыг хөтлөн дагуулсан илтгэгч юм. Тэрээр нийтлэл, илтгэлүүдийн эмхтгэл номоо удахгүй олны хүртээл болгохоор хэвлэлд бэлтгэж байна. Ц.Оюунгэрэлийн 2007 онд үүсгэн байгуулсан Нутгийн шийдэл сангаас оюутан залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөр, судлаачдад зориулсан аялал, нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандсан жижиг төслүүдийг хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн ном бүтээл хэвлэн нийтэлж иржээ. Түүний орчуулж, нийтийн хүртээл болгосон “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага”/2010/, “Ажил мэргэжил-бага лавлах толь” /2010/ номууд нь нийслэлийн уншигчид төдийгүй, Монгол орны бүх сумдын сургууль, эмнэлэг, байгаль орчны ажилтнуудад хүрч чадсан байна. Шагнал · Алтангадас одон, Эрх чөлөөний одон · “Нийгмийн даатгалын тэргүүний ажилтан” цол, тэмдэг 2007,2008, 2009 оны шилдэг номын зохиогч, 2010 оны онцлох зохиогч

Та нэвтэрч орно уу!

Бүтээлүүд

Үүрийн голын чулуу

Үүрийн голын чулуу

2026/02/16

"Ногоон нүдэн лам" романы 3-р дэвтэр 1959 оны хавар. Монголын хөдөө нутгийн амьдралд социализмын нэгдэлжих хөдөлгөөн эрчимжиж, албан журмын шахалт, “соёлын довтолгоо”-ны аян сум суурины амьдралыг бүхэлд нь өөрчилж эхэлнэ. Хүн бүрийн итгэл үнэмшил, нэр төр, хайр энэрэл хүртэл “шинэ дэг”-ийн шалгуураар хэмжигдэх мэт болж, өчүүхэн сонголт ч том эрсдэл дагуулах цаг иржээ. Баасан өнгөрсөн амьдралынхаа ул мөрийг далдлан авч явахын зэрэгцээ нутгийнхны зовлон жаргал, төрийн хатуу шаардлага, хүний мөс чанарын зааг дээрх тэмцэлтэй нүүр тулна. Энэ үед сумд ирсэн үзэл суртлын ажилтан Инга урлаг, ухуулгаар “шинэ хүнийг” төлөвшүүлэх ажлыг эрчимжүүлж, нутгийнхны дунд шинэ хэмнэл, шинэ мөргөлдөөн үүсгэнэ. Ингэснээр хуучин ба шинэ, үнэн ба дүр эсгэлт, итгэл ба айдсын хоорондох зөрчил улам хурцдаж, хүн бүр өөрийнхөөрөө амьд үлдэх гарцыг хайх болно. Баасан болон түүний эргэн тойрныхны хувь заяа энэ давалгаанд хэрхэн соригдохыг “Ногоон нүдэн лам” романы 3-р дэвтэр “Үүрийн голын чулуу”-с үргэлжлүүлэн сонсоорой. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх Хөгжмийн зохиол: Н.Жанцанноров "Хутагтын сахиус" бүтээлээс

43,500₮
21 цаг 27 мин
Ногоон нүдэн лам

Ногоон нүдэн лам

2020/10/16

Зохиолч уг бүтээлээ бодит амьдралаас сэдэвлэн Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдүүдэд зориулан бичжээ. Түүхийн хуудаснаа хар толбо болон үлдсэн хэлмэгдүүлэлтийн үеийн ард иргэдийн амьдрал ахуй, ороо бусгаа нийгэм, гэм зэмгүй олон мянган лам, хар хүмүүсийн гунигт хагацлыг зохиолд хөдөөгийн сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр дамжуулан тод томруун, уран яруу дүрслэн өгүүлэх болно. 2008 онд Монгол хэлнээ хэвлэгдэн гарснаасаа хойш өнөөг хүртэл уншигчдын хайртай бүтээл хэвээр байгаа бөгөөд 2018 онд Англи хэл дээр, 2017 онд Франц хэл дээр тус тус орчуулагдан гарчээ. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх Уртын дуучин: Б.Цэрэндагва Хөгжмийн зохиол: Н.Жанцанноров "Хутагтын сахиус" бүтээлээс "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он УНШИГЧДЫН СЭТГЭГДЭЛ: - "Миний аавын өвөөгийн үед болсон үйл явдлын талаар өгүүлсэн нь их сонирхолтой санагдсан. Авга элэнц өвөө маань Буриад хүн байсан ч бидний ургийн овог Боржигон гэж явдаг нь ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭЭС болсон гэж авга эмээ минь хэлж байсан удаатай болохоор энэ номын зарим үйл явдал нэлээн хүнд туссан." - "Хамгийн түрүүнд би та бүгдэд нэг зүйлийг хэлье. “Ногоон нүдэн лам” роман бол Монголын шилдэг романуудын нэгт зүй ёсоор нэрлэгдэх учиртай." - "Би 1936-1938 оныг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайрсан хүнд хэцүү он гэж мэдэхээс биш угтаа яг юу болж байсны нарийн учрыг төдийлөн мэддэггүй байж. Энэ цаг үе бол манай ард түмэн айдас хүйдэс, зовлон зүдүүрээр дүүрэн хар дарсан зүүд мэт жилүүд байжээ." - "Хэдэн жилийн өмнө "Цаг төрийн үймээн" роман, "Хуучин хүү" өгүүллэг зэргийг уншиж байснаас хойш иймэрхүү дүрслэл, найруулгатай ном би хувьдаа уншсанаа санахгүй байна. Магадгүй энэ ном өөрөө бидэнд хаалттай гэж хэлж болохуйц цаг үе, улс төр, нийгмийн байдлыг нуух зүйлгүй ил харуулснаараа өндөр сэтгэгдэл төрүүлсэн байж болох юм."

32,000₮
4.3 ( 4 хүн )
21 цаг 13 мин
Жаран цагаан хонь

Жаран цагаан хонь

2021/01/18

1938 онд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн баривчлагдаж, 10 жилийн хорих ялаар таслуулан хоригдсон Баасан лам найман жилийн дараа төрсөн нутагтаа буцаж ирнэ. Тэр бээр явсан газар, үзсэн зовлонгоо ах дүү, элгэн садандаа хуваалцахгүйгээр хатуу шийджээ. Баасанг хаагуур юу хийж яваад ирснийг мэдэх гэсэн нутгийнхны хүсэл талаар болж, Баасан ч үнэнийг удаан нуухаас халширч нутгаасаа дайжихаар шийднэ. Бас олон хүүхэдтэй болсон Сэндмааг тэр дахин бодохгүйгээр орхихоор шийджээ. Сэндмаа Баасангийн халуун хайр хэвээр байгааг харж баярлах боловч амьдралын тойргоос гарахын аргагүй болсон байлаа. Хайртай хоёр ийнхүү хувь заяаны эрхэнд салж хол амьдрах мөч эхлээд удаагүй байтал Анхдугаар таван жилийн төлөвлөгөө эхлэв. Хатуу хүтүү энэ төлөвлөгөөг биелүүлэхэд хүн бүр хүчин зүтгэх учиртай болов. Баасан огт санамсаргүйгээр нутаг буцах ёстой болжээ... Баасан, Сэндмаа нарын ээдрээтэй хайр дурлал, анхдугаар таван жилийн төлөвлөгөөний үеийн малчдын хүнд хүчир амьдралын тухай Жаран Цагаан Хонь романаас үргэлжлүүлэн сонсоорой. Өгүүлэгч: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх Уртын дуучин: Б.Цэрэндагва Хөгжмийн зохиол: Н.Жанцанноров "Хутагтын сахиус" "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. 2020 он

41,000₮
26 цаг 24 мин
Миний ажлын ноу-хау

Миний ажлын ноу-хау

2020/08/07

Ц.Оюунгэрэл зохиолчийн "Миний ажлын Ноу-Хау" бүтээл шинэчлэгдсэн нэмэлт бүлэгтэйгээр та бүхний сонорт хүрэхэд бэлэн боллоо. Оюуны өмчөөс гадна таны бас нэг том өмч бол цаг хугацаа. Энэ өмчийг бурхан хүн бүхэнд адилхан заяажээ. Хүн яаж ч баяжаад танаас илүү цаг хугацаатай болж чадахгүй юм. Иймээс таны ажил олгогч бүхнийг өөрөө хийе гэсэн ч цаг хугацаанд хавчигдах тул аргагүйн эрхэнд таныг хөлслөн ажиллуулж байгаа. Та ажлын цагтаа бүрэн хэмжээгээр хоёргүй сэтгэлээр ажилла. Ажлынхаа цагаас бүү хийдүүл. Хөлс төлж байгаа ажлын цаг хугацааг ажил олгогчдоо үнэнчээр зориулж сур. Харин өөрийнхөө мэдлийн цагийг "Юмтай хүн юмаа харамлаж буй" мэт ямар ч эргэлзээгүйгээр шулуухан харамла. Та ажил олгогчдоо хөлс мөнгөгүйгээр зарцуулсан цаг бүхнийхээ төлөө өөр нэмэлт ажил хийж, орлого олох боломжоо алдаж байдаг. Үгүй дээ л өөрийгөө хөгжүүлэх цагаа алдаж байдаг. Ийм учраас өөрийн мэдлийн цагийг өмчилж сур. Өгүүлэгч: Б.Ариунзул Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

11,000₮
8 цаг 26 мин
Америкт суралцсан тэмдэглэл

Америкт суралцсан тэмдэглэл

2020/08/07

УИХ-ийн гишүүн, номын зохиогч, нийтлэлч Ц.Оюунгэрэл америкт суралцахыг хүссэн өсвөр үе, залуучуудад зориулан англи хэл сурах энгийн арга, Америкт суралцах 50 зөвлөгөө, Стэнфорд, Йель, Канзасын жишээ, Америкт тэтгэлэгтэйгээр суралцах боломж зэргийг багтаасан "Америкт суралцсан тэмдэглэл" номоо бичжээ. Тэрээр уг номоороо америкт хэрхэн сурах вэ гэдэг үнэмлэхүй жор гаргахыг зорьсонгүй, харин өөрт тохиолдсон явдлаас хүмүүс сургамж авч өөрсдийнхөө замыг тодорхойлоосой хэмээн хүсчээ. Түүний бичсэн энэ номыг уншаад залуу та дэлхийд алдартай Стэнфорд, Йелийн Их сургуулиудын босгыг хэзээ, хэрхэн алхах талаар “байлдааны тактик”-аа боловсруулж эхлэх биз ээ. Басхүү олон олон өөр сургуулийн босгыг алхахад ойрхон байгаагаа ойлгох болно. Энэ номноос авах туршлага, санаа бүхэн таны амьдралын аялалыг улам бүр сонирхолтой, илүү их амжилттай болгоход тусална гэж итгэж байна.

8,800₮