Феликс

Зальтен

“Бэмби ба ойн амьтад” номыг зохиогч Ф.Зальтен нь 1869 онд Будапешт хотноо еврей гэр бүлд төржээ. Дөрвөн настай байхад нь тэдний гэр бүл Австрийн Венад шилжин суурьшсан гэдэг. Ирээдүйн зохиолч 16 насандаа сургуулиа орхиж, ажил хийхийн зэрэгцээ утга зохиолд хүчээ сорьж эхэллээ. 1900 онд анхны богино өгүүллэгийн түүврээ хэвлүүлэн гаргав. Жүжгийн зохиолууд, роман, театр, утга зохиолын тухай олон шүүмж бичсэн түүнд Бэмби хэмээх бугын түүхийг өгүүлсэн хүүхдийн зохиол нь бүх дэлхийн алдар суу авчирчээ. Ойд мэндэлсэн бугын жаахан ил ойн жимээр аялж, ертөнц дахинтай танилцаж эхэлнэ. Түүний эцэг эх, найз нөхөд, дайсан гээд ойн дунд аж төрөхийн утга учрыг өөр өөрийнхөөрөө нээсэн олон дүр энд гарна. “Буга бид хэнийг ч алдаггүй, гэхдээ бид хүнтэй эн тэнцүү хүч чадалтай, арга ухаантай байх хэрэгтэй. Тэд бидэнд үхэл илгээж байсан ч бид амьдрах л ёстой. Бид өөрсдийн амьдрал ахуй, удам судраа хамгаалж, ямар байсан бэ, яг тэр чигээр нь авч үлдэх ёстой. Ингэхийн тулд сонор соргог, нарийн мэдрэмжтэй, авхаалж самбаатай, ялагдашгүй байх ёстой. Гагцхүү аймхай л байж болохгүй. Энэ бол Амьдралын агуу их хууль” гэж уг номд өгүүлсэн буй. Зохиолч 1923 онд Альпийн нуруунд аялах үедээ энэ зохиолоо бичих санаа төрсөн гэдэг. Гурван жилийн дараа хэвлэгдэж, улмаар Уолт Дисней хэмээх алдарт хүүхдийн кино компанид зарагджээ. Хүүхэлдэйн киноны санаа, өгүүлэмж нь эх зохиолоосоо багагүй зөрөөтэй. Энэ бол амьдралын утга учрыг танин мэдэхэд, хүн болж төлөвшихөд, сайхан сэтгэл, эр зоригийн үнэ цэнийг ухаарахад үнэлж баршгүй ач тусгай ном юм. Тийм ч учраас энэ номыг хэвлүүлж түгээхийг Гитлер хорьж байсан гэдэг.

Та нэвтэрч орно уу!